Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны аравдугаар сард Бүгд найрамдах Франц улсад төрийн айлчлал хийх үеэр Францын "Орано майнинг" групптэй уран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсэг байгуулах протоколд гарын үсэг зурсан билээ. Улмаар 1.6 тэрбум ам.долларын ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг 2023 онд багтаан эцэслэх байсан ч тодорхой асуудлуудын улмаас хойшилж, төслийг хэзээ эцэслэн батлах нь тодорхойгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд Д.Амарбаясгалан даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, хөрөнгө оруулагч талтай уулзах зэргээр ажиллаж байсан ч гацаад байсан юм.
-УРАН ОЛБОРЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭГ БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙГ ШИНЭЭР БАЙГУУЛАВ-
Өнгөрсөн хоёдугаар сард бид “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газрын ахлах менежер Я.Өлзийболдтой ярилцаж, уг төсөлд ямар асуудлуудын улмаас саад учирч, удаашраад байгаа талаар тодруулахад тэрбээр, “Монгол Улсын татварын тухай хуульд дараагийн 40 жил өөрчлөлт оруулахгүй байх, зэрэгцээ ордуудыг эзэмших, усны төлбөр, цацраг идэвхит хог хаягдлыг хэрхэх зэрэг асуудлуудаас үүдэж гэрээ хэлцэл удааширч байгаа. Манай орны хувьд ураны төсөл анхных учраас маш хянуур ажиллах шаардлагатай байна. Мөн гэрээ хэлцэл удааширч байгаа учир уран олборлохоор төлөвлөсөн хугацаа 2028 оноос хойшилж магадгүй байгаа” талаар дурдаж байсан.
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн сард олимпын наадамд зочилж баг, тамирчдаа дэмжих үеэрээ Францын Парис хотод тус улсын холбогдох өндөр дээд түвшний хүмүүстэй уулзаж, уран олборлох төслийн асуудлаар санал солилцон гацсан байсныг урагшлуулахаар тохирсон гэх мэдээлэл байгаа юм. Хоёр тал дээд түвшиндээ тус төслийг хөдөлгөхөөр санал нэгдсэн манай талаас шинэ ажлын хэсгийг байгуулан ажиллаж эхэлжээ.
Мөн төслийн явцыг, хэлэлцээр хэрхэн үргэлжилж буй талаар өнөөдөр /2024.08.21/ Засгийн газрын хуралдаанаар танилцуулж магадгүй байна. Ажлын хэсэг урьдчилж өчигдөр ЗГХЭГ-ын дарга Н.Учралд танилцуулсан байна.
Мөн Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө "Шинээр баригдах эрчим хүчний эх үүсвэр" хэмээн тусгаж атомын цахилгаан станцтай холбоотой ураны нөөцийг түшиглэн атомын цахилгаан станц барих бодлого хэрэгжүүлж, суурь судалгааг хийнэ гэж тусгажээ. Энэ суурь судалгааг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон байна. Нөгөөтэйгүүр ураны төсөл улс төрийн тэр дундаа хойд хөршийн эсэргүүцэлтэй тулж буй бодит мэдээллүүд өнгөрсөн хугацаанд гарсан. Францтай хамтран хэрэгжүүлэх энэхүү үйл ажиллагаанд ОХУ бухимдаж шатахууны нийлүүлэлтээ зогсоосон байж болзошгүй үйлдэл өнгөрсөн өвөл гарсан. Түүнчлэн манай улсад бага оврын атомын цахилгаан станц барьж өгөх талаар дурдаж янз бүр болсон байдаг. Энэ нь Монгол Францын хооронд хэрэгжүүлэх гэж буй ураны хэлэлцээрийг амжилтгүй болгохын тулд хийсэн үйлдэл байж магадгүй байгаа юм.