УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нь УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцох хүсэлтийг УИХ-ын Ёс зүй, Дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарт хүргүүлсэн.
Энэ дагуу өнөөдөр /2024.08.20/ Ёс зүй, Дэгийн байнгын хороо хуралдаж дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсэг мөн хуралдаж санал, дүгнэлтээ УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад танилцуулжээ. Энэ талаар Ёс зүй, Дэгийн байнгын хорооны гишүүн Ч.Лодойсамбуу " Ёс зүйн дүрэм, хурлын үйл ажиллагаатай холбоотой журмыг илэрхий зөрчсөн байна гэдгийг танилцуулсан. Хурлын дундуур гадаад улсад зорчихдоо УИХ-ын даргаас чөлөө авдаг. Энэ зөвшөөрлийг аваагүй явж журам зөрчжээ. Ёс зүйн дүрэмд "Гишүүний ажлаас гадна ашиг олохоор ажиллаж болохгүй" гэж заасныг мөн зөрчжээ. Уг дүрмээс гадна УИХ-ын Тамгын газраас М.Нарантуяа-Нара гишүүнийг хэд, хэдэн хууль зөрчсөн тэр дундаа УИХ-ын гишүүний нэр хүндийг ашиглаж ашиг олох гэсэн гэж албан хүсэлтдээ дурдсан байсан. Би хувьдаа УИХ-ын гишүүний нэр хүндийг ашигласан гэж бодохгүй байгаа. Энэ талаараа ч хэлсэн. Эцсийн шийдвэр байнгын хороогоор гарна. Байнгын хорооны хурлаас Ёс зүйн дүрэмд заасны уучлал гуйлгах эсвэл сануулах зэрэг арга хэмжээг авахуулах байх" гэлээ.
Тэрбээр мөн " УИХ-ын гишүүн нь ёс зүйн дүрэм, ажиллах журам зэргээ өөрөө судлах ёстой. Гэхдээ зарим гишүүд сая М.Нарантуяа-Нара гишүүнийг комментоор ёс бус үг хэллэг хэрэглэсэн гэж шүүмжилж байна. Энэ бол хүний эрхийн асуудал. Хүнийг комментоор юу бичихийг заахгүй гэж илэрхийлж болно. Энэ парламентын хугацаанд УИХ-ын Тамгын газар нэг жишиг тогтоолоо. Одоо бизнес эрхэлж байгаа бүх гишүүд дээр УИХ-ын Тамгын газар гомдол гаргаарай. Манай байнгын хороо 15 гишүүнтэй. Хэлэлцэхэд бэлэн байна. М.Нарантуяа-Нара гишүүний асуудлыг авч хэлэлцэж байгаа шиг намайг ажлын хэсэгт оруулж байгаа шигээ оруулаарай. Хууль зөрчиж байгаа, реклам хийхгүй ч бизнес эрхэлж байгаа олон сайд, гишүүд байна. Тэд нарыгаа бариад ороод ирээрэй" гэлээ.