УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад хариуцлага тооцуулах тухай хүсэлтийг УИХ-ын тамгын газраас Ёс зүй, дэгийн байнгын хороонд хүргүүлсэн. Энэ талаар М.Нарантуяа-Нара байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ.
ВИДЕО:
Тэрбээр "Би энэ Их Хурлын нэр хүндэд барцад дагуулсан гишүүн болж байх шиг байна. УИХ-ын чуулган 7-8 удаа хуралдсанаас би нэг удаа тасалсан. Үүндээ уучлал хүсэж байна. Нөгөө талаар хоцорсныг маань тасалсан гэж бүртгэх нь буруу юм л даа. Тухайн үед хоцорсон ч гэсэн дараа нь ирцээ бүртгүүлээд, санал хураалтад оролцсон. Иргэд намайг гудамжнаас орж ирсэн гишүүн гэж бухимдалтай хандаж байх шиг байна. Би гудамжнаас гишүүн болж орж ирснээ хүлээн зөвшөөрч байна. Яагаад гэвэл иргэд бид гудамжинд л амьдарч байна шүү дээ. Би өмнө нь төрийн ажил, улс төрийн намын сонгуульд ажил хийж байгаагүй болохоор надад дутагдал бий. Түүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Би УИХ-ын гишүүн болж төрөөгүй, суралцаж байна. Дээрээс нь над руу чиглэсэн доромжлолд шууд хариулчихдаг муу зантай. Гэхдээ энэ зандаа аль болох татъя гэж бодож байгаа. Би хууль зөрчөөгүй, харилцаа хандлагын зөрчил гаргасан.
Жишээ нь, УИХ-ын гишүүн гадаад руу явахдаа яах вэ гэдгийг би мэдээгүй байсан. Шинэ гишүүдэд энэ талын сургалт ороход би өвчтэй байсан учраас сууж чадаагүй юм.
Гишүүн болохоос өмнө 10 гаруй жилийн хугацаанд би олны нүдэн дээр амьдарч байгаа. Шагнал нь, шийтгэл нь ямар байдаг вэ гэдгийг сайн мэднэ. Гэхдээ надад хууль дүрэм зөрчсөн бус харилцаа хандлагын асуудал байгаа. Би давхар ажил эрхлээд давхар орлого олсон явдал байхгүй. Алдаагаа ухамсарлаж байгаа. Munkhtur Narantuya Nara гээд цэнхэр тэмдэглэгээтэй хаягийг УИХ‑аас ч юм уу хөтлөн явуулаарай гэж нээж өгсөн хаяг биш. 2010 оноос хойш энэ хаягийг хөтлөн явуулж байгаа. Энэ хаягаараа би арилжаа, сурталчилгаа хийхгүй. Гэр бүлийн хүн маань авч явна. Харин ажил, албатай холбоотой мэдээллээ Иргэний Зоригтой Нара хаягаар хөтлөн явуулж байх болно. Сая яалт ч үгүй хүн чанарын асуудал гарсан юм. Өмсөөд явж байгаа хувцсаа үзүүлчихэд юу нь болохгүй гэж. Одоо ч өмсөөд л явж байна. Найздаа тусалъя гэж бодсон маань энэ хэмжээнд том алдаа болчихлоо. Би тэр шууд дамжуулалтыг хийснээрээ төсвийн тодотголыг судлаагүй гэсэн үг биш л дээ. Зөвхөн одоо хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж цаашдын дөрвөн жилийн хугацаанд хийх ажлыг маань битгий үгүйсгээсэй гэж хүсэж байна" гэлээ.