Б.Батбаатар: УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ирэхээр нь уулзаж хууль зөрчсөн ажлынх нь талаар ярилцана

Б.Батбаатар: УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ирэхээр нь уулзаж хууль зөрчсөн ажлынх нь талаар ярилцана

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр Иргэний зориг ногоон нам /ИЗНН/ Б.Батбаатар, М.Нарантуяа-Нара, Р.Батболд, С.Замира гэх дөрвөн гишүүнтэй болсон. Тэд бүгд жагсаалтаар сонгогдсон. Тэгвэл ИЗНН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон М.Нарантуяа-Нара, С.Замира нар иргэдэд гологдож, тэднийг эргүүлэн татахыг зарим иргэд шаардсан үйл явц өнгөрсөн өдрүүдэд олон нийтэд сүлжээнд гарлаа.

Учир нь Үндсэн хуулийн 29.1-д "Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэж заасан. Гэтэл М.Нарантуяа-Нара нь онлайн худалдаа явуулж, мөн олон нийтийн сүлжээнд зүй бүс үг хэллэг хэрэглэсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Тухайлбал, М.Нарантуяа-Нара нь твиттер хуудаст иргэдтэй маргалдаж, "Чацга минь чи битгий далдай. Чам шиг юм саналаа өгсөн гэж л шаавдаа. Саналаа өгсөн хүнээ л хаана юу хийж явааг анхаар ллр минь" зэргээр зүй бус үг хэрэглэсэн байгаа юм. Түүний эл үйлдэлд арга хэмжээ авахыг УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж УИХ-ын Ёс зүй, Дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарт даатгаад байгаа юм. Тэгвэл бид эл асуудлаар ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатартай ярилцаж, гишүүддээ хариуцлага арга хэмжээ авах эсэхийг нь тодрууллаа.

ВИДЕО: 

-"ЭНЭ ОРОН ЗАЙД АЖИЛЛАЖ БОЛНО" ГЭЖ ГИШҮҮДЭЭ ХАЙРЦАГЛАДАГГҮЙ-

-Энэ өдрүүдэд УИХ-ын ээлжит бус чуулганы хуралданаар 2024 оны төсвийн төсөл, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэрэг чухал асуудлыг хэлэлцэж байна. Гэтэл сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ гэх ИЗНН-ын гишүүд чуулганы хуралдаа суухгүй байгаа нь олны шүүмжлэлийг дагуулаад байна. Та намын даргын хувьд энэ асуудалд ямар байр, суурийг илэрхийлэх вэ?

-Төсвийн байнгын хороо яг одоо хуралдаж байна. Эл хуралдаж манай намын гишүүн Р.Батболд оролцож, байр сууриа илэрхийлж байгаа. УИХ-ын ээлжит бус чуулган эхэлснээс хойш гурав дахь ажлын өдрөө хуралдаж байна. Эдгээр хуралд миний бие мөн С.Замира, Р.Батболд нарын гишүүд идэвхтэй оролцож, үг хэлсэн тоогоороо тэргүүлж байна. ИЗНН-ын гишүүд үг хэлээгүй өнгөрсөн нэг байнгын хороо, чуулганы хурал байхгүй.

-Танай намаас УИХ-д сонгогдсон М.Нарантуяа-Нара гишүүн чуулганы хуралдаа оролцоод явж байх чухал цаг үед өөрийнхөө сошиал хаягаар бараа сурталчлаад гадаадад явж байна. Парламентын нэр хүндийг хайрлах, өндөрт өргөх үүрэг гишүүдэд бий. Хамгийн чухал нь Үндсэн хууль болон Ашиг сонирхлын тухай хууль байна. Энэ хуулийг танай гишүүн М.Нарантуяа-Нара зөрчөөд байна шүү дээ?

-Нара гишүүнтэй уулзаж амжаагүй байна. Гадаад явсныг нь өөрийнх нь фэйсбүүк хуудаснаас харсан. УИХ-ын гишүүд давхар ажил, албан тушаал эрхлэх, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагааг явуулахыг хуулиар хориглодог. Өмнө нь сонгогдсон мөн одоо ажиллаж байгаа гишүүд наадам тахилгад оролцож байгаа зэргээ түгээгээд олон нийтэд танилцуулаад явдаг. Тэр нь ямар зорилготой вэ гэдэгт асуудал орших ёстой.

-Сошиал идэвхийг хумих асуудлаар та уулзаж, ярилцаж байсан уу. Хуулийг мөрдөх, парламентын нэр хүндийг хайрлах зэрэг талаар та туршлагатай гишүүний хувьд зөвлөж байв уу?

-Үгүй ээ энэ чиглэлээр ярилцаж байгаагүй. Намын даргын хувьд УИХ-ын гишүүдтэйгээ хууль санаачлах, санал өгөх, иргэдийн саналыг сонсох зэрэг асуудлаар л санал солилцож байна. Яг энэ ажлыг намын зүгээс ямар нэгэн байдлаар хайрцаглахгүй. Тэр орон зайнаас хэтэрч болно, болохгүй гэдэг шаардлагыг тавихгүй.

Харин бусад асуудлаар тэр дундаа ёс зүйн асуудлаар ярилцана.

Учир нь ИЗНН-ыг сонгосон иргэдийн бидэнд хүлээлгэсэн итгэл найдвар байна шүү дээ. М.Нарантуяа-Нара гишүүн Улаанбаатарт ирэг. Ирэхээр нь бид ямар чиглэлээр, ямар орон зайд яаж ажиллах вэ гэдэг чиглэлээ гаргана. Намын дүрэмд “УИХ-д бүлэгтэй болж чадаагүй бол УИХ-д гишүүдийн зөвлөл байгуулж ажиллана” гэж заасан байдаг. Энэ дүрмээр ИЗЗН-ын дөрвөн гишүүн зөвлөл болж ажиллах ёстой. Зөвлөлийн дүрмийн төсөлд оруулах саналыг гишүүдээсээ авч байна. Энэ долоо хоногт улс төрийн зөвлөл болон намын тодорхой байгууллагуудаар тэр журмаа баталж дараа нь УИХ-ын гишүүний хувиар юу хийх, хийхгүй, ямар зарчимтай ажиллах юм, УИХ, байнгын хороогоор тодорхой асуудал хэлэлцэхэд яаж байр сууриа нэгтгэх юм зэргийг тодорхой болгоно. Дүрмийн төслөө боловсруулж байна.

-ТӨСӨВ БОЛОН ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДАЖ СӨРӨГ ХҮЧНИЙ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭНЭ-

-С.Замира гишүүний тухайд монгол хүүхдүүдийн боловсролын эсрэг, англи хэлтэй болохын эсрэг үг хэлж байгааг та хэрхэн харж байгаа вэ. Боловсролын ерөнхий хуульд оруулсан хамгийн чухал заалт бол “Заавал судлах гадаад хэл англи хэл байна” гэх заалт. Энэ заалт хэрэгжиж байж улсын сургуульд сурдаг хүүхдүүд ч англи хэл сурах боломж нээгдэж байгаа шүү дээ?

-Тэр бол хувь гишүүний өөрийнх нь санал. Тэр хүн англи хэлийг бага ангиас нь оруулахыг дэмжихгүй байж болно шүү дээ. Боловсролын ерөнхий хуулийг УИХ-аар анх хэлэлцэж байхад зөв, буруу гэж гишүүд маргаж байсан. Тэдний зарим нь зөв гэсэн бол зарим нь буруу гэсэн. Түүнтэй л ялгаагүй.  

-Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр, 2024 оны төсвийн тодотгол дээр ИЗНН ямар байр суурьтай байгаа вэ. Төсвийг гурван их наядаар тодотгож байгааг хэр зөв гэж харж байна. 10 гаруй том төслийг эхлүүлэх гэж байгааг бас хэрхэн харж байгаа вэ?

-Маш шүүмжлэлтэй хандаж байгаа. Өмнөх батлагдсан төсөв 20 их наяд байсан. Өнөөдөр 30,3 их наяд. Өнгөрсөн намар 27 их наяд зарлага ярьж байсан. Гэтэл түүнийгээ өнөөдөр гурван их наядаар нэмж байна. Өнгөрсөн жилүүдэд тогтмол зарлагаа нэмсэн нь төсвийн тогтвортой байдлыг алдагдуулаад байна.  Тэгэхээр үүнийг маш сайн ярилцаж, хэлэлцэх ёстой. Ялангуяа 118-ын бүлэг бодит цөөнх байгаа гишүүдээ сонсож чадахгүй байна. Засгийн газрын Алсын хараа 20/50 зэрэг томоохон төслүүдийг хийнэ гэж ярьдаг байсан. Гэтэл энэ төслүүд бүгд замаасаа гажчихсан. Тийм учраас нэг их олон төсөл оруулж ирээд эхлүүлнэ гэж байгаа юм. Хамтраад Засгийн газарт орсон АН зэрэг нь шүүмжилж чадахгүй нөхцөлд орчихсон. Тэдэнд ажил авах, хүмүүсээ ажилтай болгох гээд төсөвт анхаарах сөхөөхгүй байна. Бид үүн дээр сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж ажиллана. 

-Баярлалаа.