УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2024.08.19/-ийн хуралдаанаар 2024 оны төсвийн тодотгол болон төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг төсөвтэй холбоотой хэлэлцүүлэг хийж байна. Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Төсвийн зарлагын дэд хорооны даргын томилгоог хэлэлцэж, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг томилох санал гаргасныг хэлэлцсэн ч Байнгын хорооны гишүүд дэмжээгүй учраас Ардчилсан намаас Б.Түвшинг нэр дэвшүүлсэн ч дахин олонхын санал авч чадаагүй учраас энэ асуудлыг түр хойшлуулж, байнгын хорооны хуралдаанаар 2024 оны төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүд Төсвийн хяналтын зарлагын дэд хорооны даргад Ардчилсан намаас бус ХҮН, Ногоон нам зэрэг цөөнхөөс сонгох нь зөв гэдэг байр суурийг илэрхийлэв. Учир нь Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт ажиллаж буй учир Төсвийн зарлагын дэд хороог хянах нь зарчмын хувьд буруу харин сөрөг хүчин хянах ёстой гэсэн юм. Тухайлбал, "Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргад Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн байна. Ардчилсан цөөнх боловч Засгийн газарт хамтарсан, төсвийг захиран зарцуулах эрхийг зарим сайд нар нь ч авсан. Энэ хорооны даргад цөөнхөөс нэр дэвшүүлж, олонхдоо хяналт тавих гэж л томилдог албан тушаал шүү дээ. Өөрсдөө захиран зарцуулаад өөрсдөө хяналт тавих буюу УИХ дахь Ардчилсан намаас Төсвийн хяналтын зарлагын дэд хорооны даргад нэр дэвшүүлэх өөрөө хууль зөрчиж байна гэж үзэж байна. Энэ байнгын хороонд Үндэсний эвсэл, Ногоон намын төлөөлөл байгаа учраас эндээс сонгоод явах нь зөв болов уу. МАН, АН, ХҮН нэгэнт зориг гаргаад хамтарсан учраас энэ асуудалд зоригтой шийдэл гаргах нь зөв. Л.Гантөмөр дарга та зарчимтай байхаар энэ хамтарсан Засгийн газарт орж ирсэн учраас засагт хамтраагүй цөөнхөөс дарга томилох нь зөв болов уу гэсэн санал гаргаж байна" гэлээ.