УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.08.16/ хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2024 оны төсвийн тодотгол, 2025-2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг олон асуудлыг хэлэлцэж эхэллээ. Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож Засгийн газраас хэлэлцүүлж буй мөрийн хөтөлбөр, төсвийн тодотгол зэргийг дэмжиж өгөхийг хүслээ.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Дархан арьс ширний цогцолбор гэх үг, үсэг байхгүй болчихжээ. Өнгөрсөн хоёр парламент дарааллан малчдынхаа ахуй амьдралыг дээшлүүлэх, малын гаралтай бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх, жалгаар нэг хаягдаж байгаа малын арьс шир, түүхий эдийг боловсруулах талаар сонгуулийн турш ярьж байгаад орж ирсэн. Тиймээс яагаад энэ төслийг тусгаагүй вэ. Хэрэгжүүлэх юм уу, үгүй юм уу. Өнгөрсөн хугацаанд очоогүй дарга, нээлт хийгээгүй үйл ажиллагаагүй ховор шүү дээ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Дарханы арьс ширний цогцолбороор олон жил улс төржөөд урагшлахгүй байгаа учраас заавал Дарханд баригдах шаардлагагүй гэж үзсэн. Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс болгох шаардлагатай гэж үзсэн. Мөн бүс бүрт арьс шир боловсруулах үйлдвэр барих шаардлагатай гэж үзсэн. Тиймээс энэ бол сонголт. Орон нутаг тухайн төслийг дэмжихгүй бол гуйгаад байх шаардлагагүй. Өөр газар яаралтай барих шаардлагатай. Найман жилийн турш улстөржинө гэдэг их цаг хугацаа. Тухайн газар нутгийн онцлог, тээвэр логистикийн асуудал гээд олон асуудлууд дагаж яригддаг. Тиймээс дахин улстөржиж гацаасай гэж хүсэхгүй байна. Тиймээс Дархан, Хангайн бүсэд аль нэг газарт баригдах эсвэл бүсүүдэд баригдах нь зүйтэй гэж үзсэн.
LIVE: