ЦХИХХ-ны яам Киргиз улстай инновацын эко системийг хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

ЦХИХХ-ны яам Киргиз улстай инновацын эко системийг хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Артыкбаевыг өнөөдөр (2024.08.13) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайд А.Артыкбаевыг урилга хүлээн авч, хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа илэрхийлж, манай хоёр улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд сүүлийн жилүүдэд харилцан айлчлалууд зохион байгуулж, хамтын ажиллагаа илүү өргөн хөгжиж байна гэж харж байна.

Монгол Улс түүхэндээ анх удаа 126 гишүүнээс бүрдсэн парламенттай болж, 3 намын хамтарсан Засгийн газрыг байгуулан ажиллаж байна. Манай яамны хувьд инновац болон түүний эко системийг хөгжүүлэх чиг үүрэг нэмэгдэж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон өргөжсөн. Үүнтэй холбогдуулан бидний зүгээс та бүгдтэй Кибер аюулгүй байдлын чиглэлээр туршлага солилцох, инновацын эко системийг хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол Улсын цахимжилтын сайн туршлага болох и-баримт, и-монгол платформуудын сайн туршлагыг та бүгдтэй хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Артыкбаев: Цаг гарган хүлээн авч, уулзаж байгаад баярлаж буйгаа илэрхийлээд УИХ-ын сонгуульд амжилттай оролцож, сонгогдсонд болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргэв. Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдын яамны зүгээс соёл, эдийн засаг, худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна. Байгуулагдаад 1 жилийн хугацаанд бид төрийн өндөр дээд хэмжээний 3 айлчлалыг харилцан зохион байгууллаа.

Айлчлалуудын хүрээнд худалдаа, эдийн засгийн асуудлууд хэд хэдэн хэлэлцээрүүд хийсэн. Ирэх 10 дугаар сард Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Бишкек хотноо зохион байгуулагдана. Таныг тус комиссын хуралдаанд оролцож, БНКИУ-ын Цахим хөгжлийн сайдтай өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд яриа, хэлэлцээ хийх боломжийн талаар анхаарч ажиллахыг хүсье хэмээсэн юм.

ЦХИХХЯ Бүгд Найрамдах Киргиз Улстай кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, онц чухал мэдээллийн дэд бүтцийн кибер аюулгүй байдлыг хангах талаар туршлага судлах, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах чиглэлээр хамтран ажиллана.