Өнөөдөр 10.00 цагт эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар /2024.08.15/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Энэ удаа 2024 оны төсвийг гурван их наяд, 127 тэрбум төгрөгөөр тодотгож, нийт төсвийг 30.5 их наяд болгон нэмэгдүүлсэн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Уг нэмэгдүүлж буй төсвийг өр тавьж олох бөгөөд ингэснээр Засгийн газрын өрийн хэмжээ 44.4 их наядаас 47.5 их наяд болох нь. Нэмэгдүүлж буй 3 их наяд 127 тэрбумаас 30.3 тэрбумыг Ерөнхийлөгчид, 142.2 тэрбумыг УИХ-ын даргад 384.8 тэрбумыг Ерөнхий сайдын багцад хуваарилсан мэдээлэл байна. Тэгвэл нэмэгдүлж буй төсвийн хөрөнгөөр ямар ажил хийх тухай мэдээллийг бид хүргэж байна. Танилцуулга төсөлд бичсэнээр "Бүсчилсэн хөгжил, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах хөгжлийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг эхлүүлэх, бэлтгэл ажил, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсвийг санхүүжилтийг шийдэх зориулна” гэжээ.
Тодруулбал, тодорхой 10 гаруй том төсөлд зарцуулах аж.
1. “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлын хүрээнд, уг гүүрэн байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсвийн санхүүжилтэд шаардлагатай 28.6 тэрбум төгрөгийг Зам, тээврийн сайдын багцад тусгасан байна. Уг гүүрийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Богдхан уулын Хүрхрээн ам хүртэлх ган татлагатай 6 эгнээ бүхий 4.7 км авто зам, 900 метр урт гүүр, 80 метр урт нүхэн гарц бүхий бүтэцтэй байхаар төлөвлөжээ. Гүүрийн байгууламжийг бүтээн байгуулалтын хүрээнд Туул голын эргийг иргэдийн амралт, аяллын зориулалтаар тохицуулах төслийн бүрэлдэхүүнд багтах аж.
2. “Хөшигийн хөндийн туннел” төсөл. Уг төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлын хүрээнд гүүрэн байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсвийн санхүүжилтэд шаардлагатай 55.3 тэрбум төгрөгийг Зам тээврийн сайдын багцад тусгасан байна. Хөшигийн хөндийн туннел нь 15.2 км урт бүхий 2 эгнээтэй хос туннел бөгөөд Богдхан уулын Их тэнгэрийн амнаас Богдхан уулсын Номтын ам руу барихаар төлөвлөжээ.
3. “Шинэ тойрог авто зам” төсөл. Нийслэл Улаанбаатар хотын Их тойруугийн гудамжийг дахин инженерчлэх, хотын түгжрэлийг бууруулах, авто замын сүлжээг өргөтгөх арга хэмжээний хүрээнд тус төслийг төлөвлөжээ. Төслийн хүрээнд 13.4 км урт бүхий тойрог автозамуудыг барьж байгуулах ажлын ТЭЗҮ, эдийн засгийн үндэслэл, зураг төсөвт шаардлагатай 16.9 тэрбум төгрөгийг мөн Зам тээврийн сайдын багцад тусгажээ. Төслийг 2024-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2025 оноос барилга угсралтын ажлыг хийх аж.
4. “Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолбор” төсөл. Номтын ам, Шинэ Зуунмод хотод уг үйлчилгээний цогцолборыг байгуулахаар төлөвлөжээ. Барилгын хэмжээ урьдчилсан байдлаар 70 м2 бөгөөд нийт төсөвт өртөг 676,3 төгрөг. 2024 онд санхүүжих дүн болох 100 тэрбумыг төгрөгийг 2024 оны төсвийн тодотголд ЗГХЭГ-ын дарга Н.Учралын багцад тусгажээ. Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
5. Улаанбаатарын баруун хэсгийн зүүн хэсэгтэй холбох “Туул хурдын авто зам” төсөл. Зургаан эгнээ бүхий 33 км урт хурдны зам бөгөөд Улаанбаатар хотын баруун хэсгийг зүүн хэсэгтэй холбосон Туул голыг дагасан хурдны авто зам. Уг төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бөгөөд барилга угсралтыг 2025 онд эхлүүлэх, түншлэлийн гэрээг олон улсын EPC гэрээний нөхцлөөр төлөвлөж, ингэснээр төслийг богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.
6. 25 км радиустай тойргоор явах Улаанбаатар хотын "Шинэ Их Тойруу" хурдны зам төсөл. Уг төслийн ТЭЗҮ, зураг төсвийн санхүүжилтэд шаардлагатай 23 тэрбум төгрөгийг Зам тээврийн сайдын багцад тусгажээ. Мөн төслүүдийн нэгдсэн менежментйн зөвлөх үйлчилгээний санхүүжилт 50 тэрбумыг Монгол Улсын сайд бөгөөд 20 минутын хот Үндэсний хорооны даргын багцад тусгасан байна.
7.Бүсийн хөгжлийг дэмжих, ТЭЗҮ, зураг төсөв, бэлтгэл ажлыг хангахад шаардлагатай 130 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Шадар сайдын Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсвийн зардалд 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргын багцад тус, тус тусгажээ.
8. "Шинэ Хархорум хот" төслийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Уг ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2024 оны төсвийн тодотголоор санхүүжих дүнг 15 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 30 тэрбум төгрөг болгосон байна. "Шинэ Хархорум" хотын газар нутгийн 50 хувь нь ногоон байгууламж байх, гадаргын ус, саарал усыг дахин ашиглах, хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг ашиглах, байгаль орчинтой харилцан уялдаатай, амьтны амьдрах орчинд ээлтэй, хүн амьдрахад таатай, явган алхалт, унадаг дугуй, нийтийн хэрэглээг дэмжсэн, эдийн засгийн хувьд бие даан хөгжсөн хот байх зарчмыг баримтлан урьдчилсан байдлаар 500 мянган хүнтэй байхаар тооцжээ.
9. "Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуул төсөл"ийг хэрэгжүүлнэ. Монгол Улсын газар нутгийг бүрэн хамарсан, орон зайн ялгаваргүй байдлаар харилцаа холбооны тоон системийн сүлжээ үүсгэх зорилготой "Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуул төсөл"ийг хэрэгжүүлнэ. Тус төслийг БНФУ-ын нэн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бөгөөд санхүүжилтийн 15 хувь буюу нийт 68.8 тэрбум төгрөгийг Монголын талын хөрөнгө оруулалтад тусгасан.
10. "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл".90 мВТ-ын хүчин чадалтай УЦС-ыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр байгуулахаар ерөнхий хэлэлцээр байгуулагдсан. Төслийн гүйцэтгэгчтэй 2021.09.17-ны өдөр байгуулсан гэрээний дагуу урьдчилгаа 30 хувийг тусгайлсан зээлийн гэрээ зурагдсанаар санхүүжүүлэхээр тусгагдсан тул 2024 оны төсвийн тодотголд 256.8 тэрбум төгрөгийг тусгажээ.
11. Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл. Нийт ажлын гүйцэтгэл 17 хувьтай байна. БНЭУ-ын Эксим банкны 1.2 тэрбум доллараар ажлыг хийж байна. Үйлдвэр ашиглалдтад орсноор жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, дотоодын хэрэглээний 80 хувийг хангах үндэсний үйлдвэр бий болох ба 700+ ажлын бий болно. Тус үйлдвэр ашиглалтад орсноор Евро -4.5, стандартын шаардлага хангасан 339 мянган тонн автобензин, 824 мянган тонн дизель түлш, онгоцны түлш 80 мянган тонн, 43 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий болон бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх аж. Мөн импортын хараат байдлаас гарч, шатахууны үнийг бие даан зохицуулах боломж бүрдэх аж. Тус төслийн ажлын 2024 онд санхүүжих гүйцэтгэлтэй уялдуулан 52.7 тэрбум төгрөгийг 2024 оны төсвийн тодотголд тусгасан байна.
12. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлын хүрээнд 32.45 сая ам долларын санхүүжилтийн хүсэлт ирсэнтэй холбогдуулан 2024 оны төсвийн тодотголд 110 тэрбумыг тусгажээ. БНХАУ-ын Эксим банкны 262 сая доллараар санхүүжүүлж байгаа бөгөөд нийт ажлын гүйцэтгэлийн хувь 58 хувьтай байна.
13. Солонго 1, 2 орон сууцны хороолол барих төсөл. Эксим банкны 266.9 сая доллараар хэрэгжүүлж буй энэ төслийн ажил 13 хувьтай байна. 17,5 га газарт 5002 айлын 66 блок 18,000 хүн амьдрах, 2706 авто зогсоолтой орон сууцны цогцолбор хороолол барина. Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч нь орон сууцны барилга угсралтын ажлыг энэ онд 35 хувьд хүргэхээр ажиллаж байгаа бөгөөд төслийн ажлын гүйцэтгэлд олгох нийт 150.1 тэрбум төгрөгийг 2024 оны төсвийн тодотголд тусгажээ.
14. Улаанбаатар-Дарханы чиглэлд нэмэлт 2 эгнээ барих төсөл. Европын сэргээн босголтын хөгжлийн банкны 157 сая доллараар хэрэгжүүлэх аж. Нийт ажлын гүйцэтгэлийн хувь нь 94 хувьтай байна. Уг төсөл нь 2024 онд бүрэн хэрэгжиж дуусах тул замын ажлын 131.5 тэрбум төгрөгийг 2024 оны төсвийн тодотголд тусгажээ.
15. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр. Гэр хорооллын бүсэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийг цогц, иж бүрэн барьж байгуулснаар Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүлэх зорилгоор энэ төсвийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нийт 6 дэд төв /Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Толгойт, Дэнжийн мянга, Шархад/-д нийт 32 км авто зам, 3 гүүр 67 км дулааны шугам, 17.8 км үерийн хамгаалалтын суваг, 7.6 км хөрсний ус зайлуулах шугам зэрэг инженерийн дэд бүтэц бий болгоно. Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн ажил 100 хувь хийгджээ. Төслийг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж төслийг эрчимжүүлэхэд шаардлагатай 61.1 тэрбум төгрөгийг 2024 оны төсвийн тодотголд тусгажээ.
16. Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл. 2019-2027 он хүртэл хэрэгжиж байна. Азийн хөгжлийн банкны 228 сая доллараар хэрэгжиж буй ажлын гүйцэтгэл 40 хувьтай, гэр хорооллын 30.8 га талбайд 4,988 өрхийн орлогод нийцсэн ногоон орон сууц бүхий эко хороолол барихаар төлөвлөжээ. Төслийн хүрээнд хийгдэх газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн нөхөн олговор барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг санхүүжүүлэхэд 71.6 тэрбум төгрөг шаардлагатай байгаа тул 2024 оны төсвийн тодотголд тусгажээ.
17. 10 аймгийн төсвийн дулааны станцтай болгох. БНСУ-ын Эксим банкны 148.7 сая доллараар хэрэгжиж буй ажлын гүйцэтгэл 45 хувьтай байна. Төслийн хэрэгжилтийг эрчимүүлэхэд 2024 онд нийт 11.4 сая доллар буюу 38,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нэмж шийдвэрлэх шаардлагатай тул төсвийн тодотголд тусгажээ.
18. Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл. 2020-2025 онд хэрэгжих уг төслийг Дэлхийн банкны 41 сая долларын зээлээр хэрэгжүүлж байна. Нийт ажлын гүйцэтгэлийн хувь 67. Уг төслийг эрчимжүүлж шинэчлэл хийгдэж байгаа дулааны шугамуудыг халаалтыг улирлаас өмнө бүрэн ашиглалтад оруулахын тулд 2024 оны төсвийн тодотголд 38,8 тэрбум төгрөгийг тусгажээ. Ашиглалтын хугацаа дууссан шугамуудыг өргөтгөн шинэчилснээр ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдах 20 мянган айлын орон сууц, 30 мянган хүүхдийн сургууль, 70 мянган хүүхдийн цэцэрлэг, 10 мянган ажлын байрыг дулааны эрчим хүчээр хангах техникийн боломжийг бүрдүүлнэ.
Дээрх төслийн бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслөөс гадна Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа 2 төслийн нийт 72.5 тэрбум төгрөгийн зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэхээр тусгажээ. Гадаад зээлийн энэ онд батлагдсан санхүүжилтийг төсвийн тодотголын дагуу нэмэгдүүлснээр нийт 2.209 тэрбум төгрөгийг ашиглалтад 2024 онд бүрэн санхүүжих хүлээлттэй байгаа аж. Дэд бүтцийн томоохон төслүүдэд 984 тэрбумыг тусгасан байна.