ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин есдүгээр сарын эхээр Монгол Улсад тав дахь удаагаа айлчлах мэдээлэл байна.
-СУДЛААЧИД: ГААГИЙН ШҮҮХЭД НЭГДСЭН МОНГОЛ ТҮҮНИЙГ БАРИВЧЛАХ ҮҮРЭГТЭЙ-
Өмнө нь тэрбээр Ерөнхийлөгчийн хувиар гурав, Ерөнхий сайд байхдаа нэг удаа манай улсад айлчилж байв. Тэрбээр АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт Монголд болоход оролцоогүйгээс гадна 2016 оноос хойш манай улсад хийх айлчлалын тов хэд хэдэн удаа хойшилсны эцэст нь 2019 онд Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярыг тохиолдуулан ирж байлаа. Харин энэ удаа Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойн баярын ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохоос гадна хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцож магадгүй байна.
Тэгвэл энэ талаар нийгэмд идэвхтэй байр сууриа илэрхийлдэг зарим иргэн мөн судлаачид "В.Путин 2020, 2021, 2022, 2023 онд Халх голын байлдааны ялалтын ой гэж тэмдэглээгүй, таг мартсан. Харин ирэх есдүгээр сарын 3-ны өдөр Халх голын 85 жилийн ой гэж ирнэ. Далимдуулж, Гаагийн шүүхийг тавлаж, Монголыг доромжлох гэж байгаа юм. Гаагийн шүүхэд нэгдсэн Монгол түүнийг баривчлах үүрэгтэй" зэргээр бичиж байна.
2019 онд Путин 10 сая $ өгч өөрөө ирээд Халхгол 80 гээчийг Монголчуудаар тэмдэглүүлсэн. Үндэсний ТВ амаа олохгүй худал түүх суртчилж дуу хуур зохиов. 20,21, 22, 23 онд ямар ч Халх гол тэмдэглээгүй, таг мартсан. Одоо 9.3-д Путин ХалхГол 85 гэж ирнэ. Мөнгө өгч байгаа. Гол нь…
— Baabar (@Baabarniitlelch) August 13, 2024
Түүнийг Монголд айлчлах талаар ОХУ-ын хэд, хэдэн хэвлэлд тэр дундаа РИА Новости агентлагт “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2024 ондоо багтан Монгол Улс болон нийслэл Улаанбаатарт айлчилж магадгүй гэж Төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлэв” гэжээ. Мөн өөр нэгэн хэвлэлд "В.Путиныг Монголд айлчлахыг Кремль зөвшөөрсөн" гэсэн байна.
Өнгөрсөн сарын 3-4-ний өдөр /2024.07/ Казахстан улсын Астана хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, Монголд айлчлахыг урьсан байдаг. Үүнээс өмнө 2023 оны аравдугаар сард Бээжин хотноо болсон “Бүс ба зам” олон улсын форумын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн түүнийг эх орондоо хүрэлцэн ирэхийг урьж байжээ.
-2019 ОНД МӨН ЕСДҮГЭЭР САРЫН 3-НЫ ӨДӨР ИРЖ БАЙЖЭЭ-
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалыг албаныхан нууцалж буй бөгөөд ирэх өдөр нь эцсийн байдлаар нээлттэй зарлагдаагүй ч есдүгээр сарын 03-н байна хэмээн бичиж эхэлжээ. Сануулахад, тэрбээр үүний өмнө буюу 2019 онд мөн есдүгээр сарын 3-ны өдөр Монголд айлчилж байсан. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга ажиллаж байсан бөгөөд энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож байгаад түүнийг угтан авч байв. Тухайн үед талууд хоёр орны дипломат харилцааг нэг шат ахиулан, Иж бүрэн Стратегийн түншлэлийн харилцаанд шилжсэн. Харин энэ удаа уг харилцааг илүү бататган хэд, хэдэн хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж магадгүй байгаа юм. Тухайлбал, “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн талаарх хэлэлцээг байгуулах буюу манай улс тогтвортойгоор шатахууныг тус улсаас худалдан авдаг байх, Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ оны 12 дугаар сард багтаан байгуулах, ДЦС-3-ыг өргөтгөн шинэчлэх ажлыг эрчимжүүлэх, Эгийн голын УЦС барих төслийг хэрэгжүүлэх зэрэг ажлыг үр дүнд хүргэх талаар харилцан тохирч магадгүй. Гэхдээ манай улс Эгийн голын УЦС барих ажлыг 2006 оноос эхлүүлсэн ч ОХУ-ын оролцоотойгоор өнөөдрийг хүртэл гацаад буй билээ.
ОХУ-ын улсын Байгалийн нөөц, экологийн сайд, А.А.Козлов манай улсад ажиллаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нартай уулзсан нь түүний айлчлалын урьдал байж болзошгүй байгаа юм. Ташрамд дурдахад, В.Путин нь 2024 онд БНХАУ, БНАСАУ зэрэг оронд айлчлаад байна.