“Парис 2024” зуны олимпын наадмыг Монгол Улс “нэг мөнгө" хүртэж ганхан медальтайгаар өндөрлүүллээ. Энэ нь олимпын сайдтай болоод 20-28 жилээр ухарсан үйл явдал болоод байна.
-ОЛИМПЫН САЙД 2 ЖИЛИЙН ХУГАЦААНД 255 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ БАТЛУУЛЖЭЭ-
Тодруулбал, Монгол Улс 1996 оны Атлантын зуны олимпоос 1 хүрэл медаль, 2000 оны Сиднейн зуны олимпоос “ганзага хоосон”, 2004 оны Афины зуны олимпод 1 хүрэл медаль хүртэж байсан юм. Харин 2008 оны Бээжингийн олимпод 2 алт, 2 мөнгөн медаль, 2012 оны Лондоны зуны олимпоос 2 мөнгө, 3 хүрэл медаль, 2016 оны Рио-де-Жанейрогийн зуны олимпоос 1 мөнгө, 1 хүрэл медаль, 2020 оны Токиогийн зуны олимпоос 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж байв.
Товчхондоо, Монгол Улс сүүлийн 4 жилд олимп хариуцсан сайдтай болсон хэдий ч 1996, 2004 оны зуны олимпоос “ганцхан медаль”-тай ирсэн түүхийг давтаж, 20-28 жилээр ухарсан үзүүлэлтийг “Парис 2024” зуны олимпод үзүүллээ.
2022 онд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргаар Дархан аварга, УИХ-ын гишүүнд Б.Бат-Эрдэнийг томилсон. Түүнийг тус албан тушаалд томилох үндэслэл нь “2024 оны Парисын олимпод оролцох Монгол тамирчдын бэлтгэлийг хангах ажилд томоохон хувь нэмэр оруулах” гэж тайлбарлаж байв.
Улмаар Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд 2023 оны Улсын төсөвт 111 тэрбум төгрөгийг суулгаж өгч байв. Харин 2024 оны төсвөөр Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргад 144 тэрбум төгрөгийг баталж өгсөн байна. Төсвийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Товчхондоо, 255 тэрбум орчим төгрөгийг зарцуулаад Монгол Улс “Парис 2024” зуны олимпоос ганцхан медаль авсан гэж ойлгож болно. Энэ талаар Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, “2024 онд олимпын нэг тамирчинд 83-84 сая төгрөг зарцуулна. 2018 онд 31-32 сая төгрөг, 2023 онд 43-44 сая төгрөгийг олимпод оролцож буй нэг тамирчинд зарцуулдаг байсан” гэж мэдэгдэж байв.
-ОЛИМПЫН ХОРОО ХОЁР ТАМИРЧНЫ МЭДҮҮЛГИЙГ ДУТУУ ЯВУУЛСАН БАЙВ-
Мөн энэ удаагийн олимпод Монголын Үндэсний олимпын хороо хариуцлагагүй ажилласан уу гэх хардлага бий. Тухайлбал, Монголын Үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны хариуцлагагүй байдлаас болж О.Есүгэн, Н.Баяраа нарын хоёр тамирчны “Парис 2024” зуны олимпын 10 метрийн хийн буудлагын төрөл нь хасагдаж, олимпод ганц төрлөөр оролцохоор болсон талаар бид мэдээлсэн. Гэтэл МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг үүнийг үгүйсгэж байв.
Харин О.Есүгэн энэ талаар, “Монголын үндэсний олимпын хороон нь миний олимпод оролцох мэдүүлгийг дутуу бөглөж явуулсан. Үндсэндээ 10м-ын хийн урт бууны төрөлд оролцох тамирчдын жагсаалтад миний нэр байхгүй байна” хэмээн мэдэгдсэн. Харин үүний дараа МҮОХ-ноос Олон Улсын Олимпын хороо руу хандсанаар О.Есүгэн, Н.Баяраа нар “Парис 2024” зуны олимпын 10 метрийн хийн буудлагын төрөлдөө орсон юм.
Улмаар зарим тамирчид “Парис 2024” зуны олимпод хоолзүйч, сэтгүүлзүйчгүй оролцсон гэж буй. Иймд МҮОХ-ноос Франц руу явсан албаны хүмүүсийн оронд тамирчдын хоолзүйч, сэтгүүлзүйчийг авч явах ёстой байсан гэсэн шүүмжлэл ч гараад байгаа юм. Харин МҮОХ-ны ямар албан тушаалтнууд улсын мөнгөөр “Парис 2024” олимп руу явсан гэдэг тодорхойгүй байгаа юм.