Төрийн нарийн бичгийн дарга нарыг УИХ-ын гишүүдээс томилбол Засгийн газрын "кноп"-ны гишүүд 94 болж нэмэгдэнэ

Төрийн нарийн бичгийн дарга нарыг УИХ-ын гишүүдээс томилбол Засгийн газрын "кноп"-ны гишүүд 94 болж нэмэгдэнэ

Ирэх долоо хоногийн Даваа гараг /2024.08.12/-т Улсын 2024 оны төсвийн тодотгол болон хамтарсан Засгийн газрын гэрээг УИХ-д Засгийн газраас өргөн барих гэж байна. Үүний дараа УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж энэхүү асуудлуудыг хэлэлцэн батлах юм.

Хамтарсан Засгийн газарт логикийн нэг алдаа бий. Тодруулбал, “Засгийн газарт хамтарч ажиллах гэрээ”-гээ МАН, АН, ХҮН намууд баталж гарын үсэг зурсны дараа “хамтарсан Засгийн газар”-аа байгуулах ёстой байтал, Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй хамтарсан Засгийн газар эхлээд “хамтарч танхимаа бүрдүүлчхээд, дараа нь хамтарч ажиллах гэрээгээ ярилцаж” логик алдаа гаргаж байгаа гэхэд болно.

-УИХ-ЫН ГИШҮҮНИЙ "КНОПГҮЙ" ХҮМҮҮСИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНЭЭР ТОМИЛОХООС ТАТГАЛЗАЖ БАЙВ-

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрынхаа сайд нарыг зөвхөн УИХ-ын гишүүдээс томилж “кноп” бүрдүүлж байгаа гэхэд болно. Учир Монгол Улсын Үндсэн хуулийн 43.1-д “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавивал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заажээ.

Тодруулбал, УИХ-ын 33 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж, УИХ-ын нийт 126 гишүүний 64 нь уг саналыг дэмжвэл Ерөнхий сайдыг огцорсонд тооцно гэсэн үг юм. Мөн Ерөнхий сайд огцорсон бол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсонд тооцдог. Энэ талаар Үндсэн хуулийн 40.2-д, “Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно” гэж заажээ. 

Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрын сайдуудаа бүгдийг нь УИХ-ын гишүүдээс томилж байгаа нь Засгийн газраа тогтвортой байлгахыг зорьж байж магадгүй байгаа.

Тухайлбал, өнгөрөгч долоодугаар сар /2024.07/-д АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос УИХ-ын сонгуулиар тойрогт нэр дэвшээд амжилт үзүүлээгүй З.Нарантуяа тэргүүтэй хоёр эмэгтэйг хамтарсан Засгийн газрын гишүүнд нэрийг нь дэвшүүлсэн ч МАН-ын удирдлагууд "Засагт орж ажиллах АН-ын гишүүд нь заавал УИХ-ын гишүүн байх ёстой" гэсэн шаардлагыг тавьсан байдаг. Иймд УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн нэрийг Засгийн газрын гишүүнд дэвшүүлж, тэрбээр Байгаль орчны сайдаар томилогдсон байдаг. Товчхондоо, МАН-аас нэр дэвшээд УИХ-д сонгогдсон УИХ-ын 68 гишүүн дээр хамтарсан Засгийн газарт сайдаар томилогдсон АН-ын бүлгийн найман гишүүн, ХҮН намын хоёр гишүүнийг оролцуулаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ парламентад дээд тал “78 кноп”-той гэж ойлгож болно. 

-ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАР ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН БОЛЖ САЙДАА ОРОЛДОГ БОЛОХ УУ-

Тэгвэл хамтарсан Засгийн газар дэд сайдгүй ажиллахаар төлөвлөж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Харин АН-аас дэд сайдын албан тушаалыг цомхотгохгүй байхыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүссэн тул “Яамдуудыг дэд сайдтай байлгах эсэх” яриа тохироо явагдаж эхэлсэн байдаг. Эцэст нь хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг “дэд сайдгүй” үргэлжлүүлэх ойлголцолд хүрсэн байгаа юм. Товчхондоо, АН-ын саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээж аваагүй гэсэн үг. Харин Эдийн засаг хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Батлан хамгаалахын яам зэрэг 16 яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг УИХ-ын гишүүдээс томилох асуудал яригдаж байна. Одоо мөрдөгдөж буй “Төрийн албан тухай” хуулиар энэ нь боломжгүй ч, эрх баригчдад хуульд өөрчлөлт оруулах бүрэн боломж байгаа.

Учир нь дэд сайдууд сайд нараа орлож Засгийн газрын хуралд оролцдог. Харин өнөөдрийн хамтарсан Засгийн газар дэд сайдын албан тушаал байхгүй байгаа тул сайд өвдсөн тохиолдолд түүнийг орлох албан тушаалтан байхгүй гэсэн үг. Иймд “Төрийн нарийн бичгийн дарга нь Засгийн газрын гишүүн байна” гэсэн заалтыг хуульд оруулаад төрийн нарийн бичгийн дарга нар сайдаа оролдог болж магадгүй юм.

Иймд Төрийн нарийн бичгийн дарга нарыг УИХ-ын гишүүдээс томилох асуудал хамтарсан Засгийн газрын гэрээнд яригдаж байж магадгүй байна. Төрийн нарийн бичгийн дарга нарыг УИХ-ын гишүүдээс томилоод эхэлбэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 78 “кноп” нэмэгдэж 94 болно гэсэн үг. Улмаар Үндсэн хуулийн 43.1-д заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах асуудал ирэх 4 жилд яригдахгүй байж болно.