Японы Ерөнхий сайдын айлчлалаар "батлан ​​хамгаалахын тоног төхөөрөмж экспортлох гэрээ байгуулж магадгүй" гэсэн бол, Оросын тал Ф.Кишидагийн Төв Азид хийж буй айлчлалыг буруутгаж эхлэв

Японы Ерөнхий сайдын айлчлалаар "батлан ​​хамгаалахын тоног төхөөрөмж экспортлох гэрээ байгуулж магадгүй" гэсэн бол, Оросын тал Ф.Кишидагийн Төв Азид хийж буй айлчлалыг буруутгаж эхлэв

Японы Ерөнхий сайд 8 жилийн дараа Монгол Улсад айлчлах гэж байна. Тодруулбал, 2013, 2015 онуудад Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монголд айлчлал хийж байв. Ингэснээр Шинзо Абэ Японы Ерөнхий сайдын албанд томилогдсон даруйдаа айлчилсан 3 дахь улс нь Монгол болж байв. Мөн 2016 оны 7 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд болсон АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад Японы Ерөнхий сайд Шинзо Абэ оролцож манай улсад 3 дахь удаагаа айлчилж байв.  

Тэгвэл энэхүү айлчлалуудаас хойш 8 жилийн дараа буюу энэ сарын 11-12 /2024.08.11-12/-ны өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. 

-БАТЛАН ХАМГААЛАХЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ЭКСПОРТЛОХ ТОХИРОЛЦООНД ХҮРЧ МАГАДГҮЙ ГЭЖ МЭДЭЭЛЖЭЭ-

Тэгвэл "The Japan Times" мэдээллийн агентлаг Ф.Кишидагийн манай улсад хийх айлчлалын үеэр “Япон, Монгол хоёр улс батлан ​​хамгаалахын тоног төхөөрөмж дамжуулах гэрээ байгуулахаар тохиролцож магадгүй байна” гэсэн мэдээллийг нийтэлсэн байна.  

Тус мэдээлэлд, “Япон, Монгол хоёр улс бие биедээ батлан ​​хамгаалахын тоног төхөөрөмж экспортлох гэрээ байгуулах өргөн хүрээтэй тохиролцоонд хүрч магадгүй гэж Японы засгийн газрын албаны хүмүүс мягмар гараг /2024.08.06/-т мэдэгдлээ. Тодруулбал, Ерөнхий сайд Ф.Кишида, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар Монгол Улсын нийслэл Улаанбаатарт хийх уулзалтынхаа үеэр энэ асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

Япон, Монгол хоёр улс батлан ​​хамгаалахын техник, технологийг шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурна гэдэгт Токио найдаж байгаа ба энэхүү гэрээ нь Хятад, Оростой хиллэдэг Монгол Улстай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэж Япон хүлээж байна.

Мөн айлчлалын үеэр бизнесийн эрх зүй, хөрөнгийн зах зээлийн хяналт, захиргааны ил тод байдал зэрэг салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсад хамтран ажиллахаа баталгаажуулах төлөвтэй байна. Учир нь 2016 онд хоёр орны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улс Японоос илүү их хөрөнгө оруулалт хийнэ гэж найдаж байгаа” гэжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

 -ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙДЫН ТӨВ АЗИЙН ОРНУУДАД ХИЙЖ БУЙ АЙЛЧЛАЛЫГ ОРОСЫН ТАЛ “ОХУ-ТАЙ БАЙГУУЛСАН ХАРИЛЦААГ СҮЙТГЭХ ГЭЖ БАЙНА” ГЭЖ ШҮҮМЖЛЭВ-

Харин Японы Ерөнхий сайд Ф.Кишидагийн Төв Азийн орнуудад хийж буй айлчлалтай холбогдуулж ОХУ-ын тал “Япон улс Төв Азийн орнууд болон ОХУ-ын хоорондын харилцааг сүйтгэхийг оролдож байна” гэж мэдэгджээ. 

Оросын ГХЯ-ны төлөөлөгч М.В.Захарова

Тодруулбал, ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч М.В.Захарова, “Японы Ерөнхий сайдын Төв Азид хийж буй айлчлал нь тус орнуудын Оростой харилцах тогтолцоог сүйтгэж байна. Японы Төв Азид олон мянган километрийн зайд нэвтрэх оролдлогын ард бид эдийн засгийн ашиг сонирхол биш, харин Вашингтоны удирдамжийн дагуу Төв Азийн орнуудын Оростой байгуулсан харилцааг сүйтгэх, гэмтээх хүсэл эрмэлзэл байгаа гэж харж байна. Учир нь энэ бүс нутгийн улс орнууд болоод ОХУ-ын хооронд олон арван жилийн турш бий болсон харилцаа бий” гэжээ. 

Учир нь Япон улс Төв Азийн орнуудтай хийх яриа хэлэлцээгээ хөгжүүлж байгаа ба Казахстан улсад Төв Азийн орнуудтай дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл байгаа юм.