Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина огцорч, эх орноо өчигдөр /2024.08.05/ орхин гарч Энэтхэг рүү ниссэн бол олон мянган жагсагчид Бангладешийн нийслэл Дака дахь түүний амьдарч байсан байр руу дайрч орсон талаар BBC агентлаг мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр /2024.08.06/ өглөө Энэтхэгийн мэдээллийн агентлаг, "Бангладешийн Агаарын цэргийн хүчний C-130J онгоц Энэтхэгийн агаарын баазаас хөөрсөн бөгөөд Ш.Хасинаг онгоцонд байгаа эсэх нь тодорхойгүй байна" гэжээ. Иймд Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина Энэтхэгээс гарвал хаашаа явах вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл түүнийг "Их Британид орогнол хүсэхээр төлөвлөж байгаа" гэж таамагласан байна. Учир нь Ш.Хасинагийн зээ охин Тулип Сиддик өдгөө Хөдөлмөрийн намаас Их Британийн парламентын гишүүнээр ажилладаг байна.
Эх сурвалж: BBC