Швейцарын Ерөнхийлөгч Виола Амхердыг Монголд айлчлахаас өмнө тус улс хамтын ажиллагаагаа дуусгахаар төлөвлөж байсан байж магадгүй

Швейцарын Ерөнхийлөгч Виола Амхердыг Монголд айлчлахаас өмнө тус улс хамтын ажиллагаагаа дуусгахаар төлөвлөж байсан байж магадгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд наймдугаар 02-04-ний өдрүүдэд Монголд төрийн айлчлал хийж, өчигдөр /2024.08.05/ нутаг буцлаа. Уг айлчлал нь энэ онд тохиож буй Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан хийж буй айлчлал бөгөөд Монгол Улсад Швейцарын талаас төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны төрийн айлчлал билээ. 

-ШВЕЙЦАР БОЛ ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРОН ГЭДГЭЭРЭЭ МАНАЙ УЛСТАЙ ТӨСТЭЙ Ч ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН ЧИНЭЭЛЭГ УЛСУУДЫН НЭГ-

Швейцарын Холбооны Улс нь 7.5 сая хүн амтай, 41,285 км² газар нутагтай, далайд гарцгүй орон бөгөөд герман, франц, итали, ром гэсэн дөрвөн хэлийг үндсэн хэлээ болгон ашигладаг. Мөн нийт 26 улсаас бүрдсэн холбооны бүгд найрамдах улс бөгөөд дэлхийн хамгийн баян чинээлэг, өндөр хөгжилтэй орнуудын нэгд зүй ёсоор тооцогддог.

Учир нь Швейцарын банкууд нь дэлхийн хамгийн нэр хүндтэй банкуудын тоонд ордог бөгөөд харилцагчдынхаа тухай ямарч мэдээллийг гадагш гаргадаггүй, өндөр нууцлалтай байдаг учраас тэр аж. Иймд татвараас зайлсхийх гэсэн дэлхийн баячууд болон монголын зарим нэг эрхмүүд ч Швейцарын банкинд мөнгө хадгалдаг гэсэн мэдээллүүд бий.

-ШВЕЙЦАРЬ УЛС НЬ НЭГ ХҮНИЙ БУС ДОЛООН ХҮНИЙ ЗАСАГЛАЛТАЙ УЛС ЮМ-

Сонирхуулахад, Швейцар Улсыг долоон хүн удирддаг. Тус улсад жил бүр сонгууль явагдаж тэдгээрийн хамгийн өндөр санал авсан нь Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэдэг. Тодруулбал, долоон гишүүнээс бүрдэх холбооны зөвлөл гэж байх бөгөөд холбооны хурлаас нэг жилийн хугацаатай сонгогдсон албан тушаалтан нь Холбооны Зөвлөлийн хурлыг даргалж, тус улсын Ерөнхийлөгч болж төлөөллийн тусгай үүрэг гүйцэтгэдэг байна. Иймд жил бүр тус улсын ерөнхийлөгч солигддог гэсэн үг. Мөн Ерөнхийлөгч нь бусад зургаан зөвлөхөөс илүү эрх мэдэлтэй гэсэн үг биш бөгөөд зөвлөлийн бусад зургаан гишүүний хамтаар тус улсыг удирддаг байна.

Швейцар, Монгол хоёр улс 1964 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2001 онд Монгол улсын Засгийн газар, НҮБ-аас олон улсын хамтын нийгэмлэгт хандаж гаргасан уриалгын дагуу зудын гамшигт нэрвэгдэгсдэд хамгийн түрүүнд туслалцаа үзүүлсэн орнуудын нэг нь Швейцар улс байв. Анх хүмүүнлэгийн тусламжаар эхэлсэн Швейцар улсын хөгжлийн тусламж аажмаар хүрээгээ тэлж Монгол улсын урт хугацааны хөгжлийн сорилтуудад чиглэх болжээ. 

Швейцар Улс нь манай улсын “гуравдагч хөрш”-ийн нэг бөгөөд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан эдийн засаг, нийгмийн олон салбарт идэвхтэй хамтран ажиллаж буй улсуудын нэг.

Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА) нь 2001 оноос Монгол Улсад тохиосон байгалийн гамшгийн хохирлыг даван туулахад болон зуданд нэрвэгдсэн хөдөөгийн малчид, эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн хүмүүнлэгийн тусламжаар үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Улмаар уг төслийг дөрвөн аймагт хэрэгжүүлсэн бөгөөд нийт эмзэг бүлгийн 7600 гаруй малчин өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлсэн байна.

-ШВЕЙЦАРЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙЛЧЛАЛААС ӨМНӨ ТУС УЛС ХОЁР ТАЛЫН ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ДУУСГАВАР БОЛГОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙСАН БОЛОЛТОЙ- 

Энэ удаагийн төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн Монгол, Швейцарын Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж, 60 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтыг бататгаж, цаашдын чиглэлийг тодорхойллоо. 

Харин Швейцарын хэвлэлд мэдээлж буйгаар Ерөнхийлөгчийн айлчлалаас өмнө Швейцарь улс хоёр талын хөгжлийн хамтын ажиллагаагаа дуусгавар болгохоор төлөвлөж байсан бололтой. Тодруулбал, "2021-2024 он хүртэлх Швейцарын олон улсын хамтын ажиллагааны стратеги нь эмзэг нөхцөл байдалд илүү анхаарал хандуулах зорилготой юм. Иймд ШХА 2024 оны эцсээр 46 улсаас 11-тэй нь хоёр талын хөгжлийн хамтын ажиллагаагаа зогсоохоор шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс эдгээр орны нэг юм" хэмээн мэдээлжээ. Иймд манай улсын талаас энэ удаагийн улс төрийн айлчлалыг "хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх" зорилгоор хийсэн байж магадгүй байна.