Хүний эрх, эрх чөлөө бол ардчилсан нийгмийн суурь байдаг. Гэтэл саяхан хүний эрхийн ноцтой зөрчил гарсан байж болзошгүй нэг хэрэг гарсан нь иргэн О цагдан хоригдож байх хугацаандаа цагдаа нартай холбоотой гомдлыг АТГ-т гаргаж, улмаар бие нь муудаж эмнэлэгт хүргэгдээд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор хүний эрхийн дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа тэргүүтэй гишүүд “хүний эрх”-ийн асуудлаар сонсгол явуулах шаардлагатай гэж үзэн УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн юм. Иймд бид хүний эрхийн асуудлын талаар ярилцахаар УИХ-ын гишүүн Ж.Баярмааг “ШУГАМ” нэвтрүүлгийнхээ 35 дахь дугаарт урьж оролцууллаа.
ВИДЕО:
-2024-2028 оны хугацаанд бүрэн эрх нь хэрэгжих парламентын гишүүд тангарагаа өргөөд сар орчмын хугацаа л болж байна. Гэхдээ нэг сайшаалтай зүйл байгаа нь сүүлийн 8 жил яригдаагүй хүний эрхийн тухай асуудлыг парламентын гишүүд ярьж эхэллээ. Юун түрүүнд урилга авч ирсан танд баярлалаа. Би өөрөөс чинь хамгийн түрүүнд нэг асуулт асуумаар байгаа нь Хууль сахиулах байгууллага нь Үндсэн хуулийг сахин биелүүлэх үүрэгтэй байгууллага юм уу, эсвэл эрүүгийн хуулийг л хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм уу?
-Энэ асуулт үнэхээр сонин асуулт байна. Ийм зүйл үнэхээр гардаг юм биш биз гэх гайхсан бодол төрлөө. Үндсэн хууль гэдэг бол эцэг хууль. Угаасаа дагах ёстой. Бүх хуулиуд Үндсэн хуулинд нийцэж байж гарах ёстой байдаг. Харин байгууллагын дотоод журам нь хуулиуддаа нийцэх ёстой. Хурвээ Үндсэн хуулинд нийцэхгүй заалт бусад хуулинд байгаад, тэрийг нь хууль сахиулах байгууллагынхан мөрдөөд байгаа бол энэ нь маш ноцтой асуудал.
Хууль сахиулах байгууллагынхантай холбоотой миний бас нэг хардаад байгаа зүйл бол зөвхөн даргын тушаалыг дагадаг байхыг үгүйсгэхгүй. Монголын нийгэм бол хүн бус хууль засагладаг нийгэм шүү дээ.
-Энэ долоо хоногийн даваа гарагт УИХ-ын дэд хороо хуралдаж, улмаар та хүний эрхийн асуудлаар сонсгол хийе хэмээн УИХ-ын даргад бичиг хүргүүлсэн. Одоогоос долоо хоногийн өмнө хорих 461 дүгээр ангид байх хугацаандаа бие нь муудаж, эмнэлэгт хүргэдээд харамсалтайгаар нас барсан 21 настай О гэх залуугийн хэрэг гарлаа. Энэ хүн Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1-ээр амьд явах эрхтэй. 16.13-аар энэ хүнд эрүү шүүлт тулгаж, хэрцгийгээр хандаж болохгүй гэсэн заалттай. Хүний эрхийн дэд хороо энэ асуудлаар нээлттэй болон хаалттай горимоор хуралдлаа. Дээрх 21 настай иргэн Үндсэн хуулиар өөрт олгогдсон эрхээ эдэлж чадсан гэж хувьдаа дүгнэж байгаа юу?
-Энэ эрхийг эдэлж чадаагүй гэж дүгнэж байгаа. Энэ хэрэг дээр нэг асуудал үүссэн нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй боловч АТГ-т гомдол өгсөн байдаг. Хий хоосон зүйл дээр хэзээ ч гомдол өгөхгүй. Ямар нэгэн асуудал энэ талийгаач залуугийн хэрэг дээр тохиолдсон гэж бодож байгаа. Тийм ч учраас гомдол өгсөн байх. Мөн миний нэг эмзэглэж байгаа зүйл нь АТГ-т гомдол өгснөөс хойш яасан их уддаг юм бэ гэж бодсон.
АТГ-т нэгдүгээр сард гомдол гаргасан байсан боловч өнөөдөр энэ хэрэг шийдэгдэлгүй найман сар болчихлоо. Бараг хагас жил өнгөрсөн байхад яагаад энэ хэргийг шийдвэрлэхгүй байгаад гайхаж байна. Иймд уг залуугийн хэргийг яаралтай илрүүлж, таслан зогсоож, цаашдаа ийм хэрэг гарахгүй байхад анхаарч ажиллах хэрэгтэй.
-Та УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүний эрхийн талаар сонсгол явуулах бичиг явуулсан байна. Таны бичиг дотроос нэг зүйлийг уншаад их зочсон бас гайхсан. Тодруулбал, “хүний эрхийн зөрчил даамжирч, хэвийн үзэгдэл мэт болж буй дээрх хууль бус үйлдлүүдийг хойшлуушгүйгээр таслан зогсоох шаардлага бий болжээ” гэсэн байна. Хойшлуулшгүйгээр шийдэх ёстой болсныг та хэрхэн нотлох вэ?
-Миний сэтгэлийг эмзэглүүлээд байгаагийн учир юу гэвэл энэ хэрэг анхных биш. Мөн зөвхөн хууль сахиулах байгууллагынханд ч биш. Батлан хамгаалахын салбар буюу цэрэг армийн салбарт ч дэглэлт явагддаг. Мөн хорих ангид ял эдэлж буй иргэдэд ч хүний эрхийн зөрчил гардаг. Ер нь хүний эрхийн зөрчил бол эрхээ хасуулсан иргэд дээр тасралтгүй тохиолдож байгаа. Тэгээд хэвийн мэт болчихсон. Эрүүдэн шүүсэн байж болзошгүй, хүнлэг бус харьцсан хэрэгтэй холбоотой сүүлийн таван жилийн хугацаанд 500 орчим гомдол ирсэн байдаг юм байна лээ. Харамсалтай эдгээрийн 10 орчим хувь нь л шийдэгдэж, арга хэмжээ авсан байдаг.
-Би хувьдаа иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэнээр ч хязгаарлуулалгүй эдэлдэг байгаасай л гэж хүсэж байна. Таны хувьд манай хууль сахиулах алба хаагчид хүнлэг энэрэнгүй байгаа гэж боддог уу. Мөн хууль сахиулах байгууллагынхныг шалгадаг тусдаа байгууллага байх ёстой гэж үздэг үү?
-Хэрэгтэй гэж үздэг. Цагдаагийн байгууллагыг АТГ, АТГ-г тануулын байгууллага шалгадаг юм байна лээ. Нэг салбарын хүмүүс гэдгээрээ 100 хувь шударга хуулийн дагуу асуудалд ханддаг эсэх нь эргээлзээтэй л гэж үзэж байна. Иймд яалт ч үгүй тусдаа байх ёстой бөгөөд эрүүдэн шүүхтэй холбоотой хэргийг хянан шалгах хороо байгуулах хэрэгтэй.
-Энэ долоо хоногоос буюу наймдугаар сарын 1-нээс эхлээд дур зоргоор баривчлахгүй байх тухай хуулийн заалт үйлчлээд эхэлж байна. Энэ талаар иргэдэд мэдээлэл өгөөч?
-Хэзээ ч ямар ч тохиолдолд шүүхийн шийдвэргүйгээр хэнийг ч баривчилж болохгүй. Урьд нь прокурорын зөвшөөрлөөр цагдан хориод байсан асуудал байхгүй болж байгаа гэсэн үг. Иймд хүний эрхийг хамгаалах маш сайн заалтуудтай хууль гэж харж байгаа. 2021-2024 оны хооронд баричлах ажиллагааны 90-95 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр баривчилж байсан. Энэ байгүй болно.
-Ярилцсан танд баярлалаа.