Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Өсөхбаяр өөрийнхөө цалинг нэмэх тогтоолд өөрөө гарын үсэг зурсан гэх шүүмжлэлд өртөөд буй. Бид түүнтэй холбогдож дээрх асуудлаар зарим асуултад тодруулга авлаа.
-Таныг өөрийнхөө цалинг нэмсэн гэх шүүмжлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд их тарж байна. Энэ ямар учиртай асуудал вэ?
-Нэгдүгээрт, та бүхэн Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг харчих хэрэгтэй. Энэ хуулийн 25.2-т хурлын тогтоол болон тэргүүлэгчдийн тогтоолд зөвхөн ИТХ-ын дарга гарын үсэг зурна гэж заасаг байгаа. Хэний асуудал хэлэлцэгдэх нь гол биш. Зөвхөн ИТХ-ын дарга гарын үсэг зурах хуультай юм. Энэ дагуу хэлэлцэгдсэн асуудал дээр гарын үсэг зурсан. Хоёрдугаарт, манай аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга тэтгэвэртээ гараад чөлөөлөгдсөн байна. Тиймээс аймгийн ИТХ нарийн бичгийн даргагүй байгаа юм. Хурлаар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд аймгийн ИТХ-ын дарга санхүүгийн бичиг баримтад нэгдүгээр гарын үсгээ зурж байна.
-Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын нийт ажилчдын цалин нэмэгдсэн юм уу. Эсвэл зөвхөн таны цалин л нэмэгдээ юу?
-Цалингийн 8 хувийн нэмэгдлийн асуудал. Нэмэгдлийг олгохын тулд санхүүгийн албанд баримт гаргаж өгөх ёстой. Түүнээс өөрийнхөө цалинг нэмдэг юм гэж юу байх вэ дээ.
2020 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс улсын хэмжээнд бүх шатны албан тушаалтны цалинг 8 хувиар нэмэгдүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан шүү дээ. Тэр дагуу л хийгдсэн ажил. Аймаг, сум бие дааж цалин нэмэх шийдвэр гаргах эрхгүй.
Засгийн газрын шийдвэрийн дагуу л цалин нэмнэ. Бусад хүмүүсийн цалингийн нэмэгдэл шууд цалин дээр нь нэмэгдсэн. Харин бид нарын хувьд төрийн өндөр албан тушаалтны зэрэглэлд хамаарагддаг учраас аймгийн Засаг дарга болон ИТХ-ын цалин итгэлцүүрийн дагуу нэмэгдсэн.
Төрийн өндөр албан тушаалтны тавдугаар зэрэглэлд багтдаг учраас 1.38 гэсэн итгэлцүүрээр тогтоож цалинг нь нэмдэг. Засгийн газрын тогтоол, хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэнэ. Бусад газарт ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга, ерөнхий менежер нь тушаал гаргаж бүх шатны албан тушаалтныхаа цалинг нэмж байгаа.
Харин манайх ИТХ-ын хурлын нарийн бичгийн даргагүй нөхцөл байдалтай байгаа учраас тэргүүлэгчдээр шийдвэр гарсан юм. Тэргүүлэгчдээс гарсан шийдвэрт ИТХ-ын дарга гарын үсэг зурдаг учраас ийм асуудал үүсээд хэл, амны бай, болоод байгаа юм. Хууль зөрчсөн зүйл ер үгүй шүү дээ. Албан бичигт дурдагдсан нэр, гарын үсэг давхцаад байгаад л гол учир байх шиг байна.