Цагдаагийн баг энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ

Цагдаагийн баг энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ

УИХ-аар шинэчлэн баталсан "Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль”-ийн хүрээнд цагдаагийн 160 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй баг энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ.

Тэд ажиллагааны газарт тодорхой цэгүүдэд эргүүл, харуул, хамгаалалт, хуяглан хүргэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, НҮБ-ын алба хаагч, обьектыг хамгаалах зэрэг үүрэг гүйцэтгэх юм. Цагдаагийн багийн 70-80 хувийг ахлагч бүрэлдэхүүнээс сонгохоор төлөвлөжээ. Түүнчлэн жендэрийн тэгш байдлыг хангах зорилгоор бүрэлдэхүүний 20-оос доошгүй хувь нь эмэгтэй алба хаагч байх аж.

Энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд хувь нэмэр оруулахаас гадна бусад орны хууль сахиулах байгууллагатай гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлж, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлнэ. Хэлний мэдлэгээ сайжруулж, ажиллагааны туршлагатай болсноор НҮБ-ын Цагдаагийн албанаас тавьсан болзол шалгуурыг хангасан тохиолдолд бие даасан цагдаагийн ажилтан, цагдаагийн мэргэжилтнүүдийн багт дэвшин ажиллах боломж нээгдэнэ. Мөн, эрсдэлтэй орчин нөхцөлд ажиллах, хүний эрх, эрх чөлөөний тухай, ялгаварлан гадуурхалт, жендэрийн тэгш байдал зэрэг НҮБ-аас баталсан үйл ажиллагааны журмын мэдлэгтэй болохыг Цагдаагийн ерөнхий газар мэдээллээ.