Дэлхий даяар хурдацтай тархаад буй коронавирусын улмаас хүмүүс эмнэлэгт тусгаарлагдах, амны хаалтны хомсдол үүсэх, өөр хот улсууд руу дүрвэн гарах гэх мэт нөхцөл байдал БНХАУ-д үүсээд байгаа билээ. Мөн дэлхий даяар онц байдал зарлан шаардлагагүй бол гадны улс руу зорчихгүй байх, БНХАУ тэр тусмаа тус өвчний голомт болсон Ухань хотоос гарж явах, чөлөөтэй зорчихыг хязгаарлаад байгаа юм.
Тэгвэл БНХАУ-ын нэгэн иргэн өөрийн “ТикТок” хуудсаараа дамжуулан "Ухань хотоос ирсэнээ нуун дарагдуулах, халдварын шинж тэмдэг илэрснээ мэдсээр байж арга хэмжээ аваагүй бол олон нийтийн аюулгүй байдалд санаатай заналхийлсэн хэргээр арав буюу түүнээс дээш жил бүх насаар нь хорих, эсвэл цаазын ялаар шийтгэнэ. Зарим хотуудад дээрх зүйлээр хэрэг үүсгэж шийтгэсэн тухай мэдээлсэн байна" гэж тэрээр мэдээлжээ.
Гэхдээ одоогоор тус бичлэгтэй холбоотой албаны мэдээ гараагүй байна. Бусад улс орнууд ч гэсэн тус вирусын халдвартай холбоотойгоор урьдчилан сэргийлэх арга замуудыг авч байгаа бөгөөд Өмнөд Солонгос улсад амны хаалт, гар ариутгагч бодис нөөцөлж зохиомол хомсдол үүсгэсэн иргэнд шийтгэл оноох журам баталсан байна.
Тодруулбал энэ төрлийн бүтээгдэхүүн олноор хадгалсан, хураасан иргэнийг 50 сая вонн, эсвэл хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ажээ. Энэхүү шийдвэрийг хоёрдугаар сарын 5-аас дөрөвдүгээр сарын 30 хүртэл хүчин төгөлдөр байхаар тогтоожээ. Мөн 180 орчим байцаагчийг тус асуудалд хяналт хийлгэхээр томилсон байна.