Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байсан ч дахин хойшиллоо.
Шүүх хуралдаанд гэрч, хохирогч болон хоёр шинжээчийг оролцуулах хүсэлтийг өмгөөлөгч нарын зүгээс гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 09:00 цагт товлолоо.
З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдоод байгаа билээ.
Өмнөх шүүх хуралдаан 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр товлогдсон ч улсын яллагч өвчтэй шалтгаанаар өнөөдөр хүртэл хойшлуулаад байсан юм.