Туркийн нийслэл Истанбулын нисэх онгоцны буудалд өчигдөр /2020.02.05/ газардсан орон нутгийн “Pegasus Airlines” компанийн “Boeing 737” онгоц маш хүчтэй газардаж, нислэгийн зурвасаас хэтрэн, их биеэрээ гурван хэсэгт хуваагджээ.
Онгоцонд нийт 171 зорчигч, нислэгийн багийн зургаан гишүүн байсан ба ослын улмаас гурван хүн амиа алдаж, 150 гаруй хүн гэмтэж, бэртсэн байна. Онгоц газардах үед цаг агаарын байдал муу хүчтэй аадар бороо орж байсан бөгөөд ослын дараа нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоож, нислэгүүдийг хойшлуулжээ. Зорчигчдын ихэнх нь турк хүмүүс байсан ба 20 орчим гадаадын иргэн байсан талаар эх сурвалжид мэдээлсэн байна.
Цахим сүлжээнд байршуулсан бичлэгээс харахад онгоц осолдсоны дараа гал гарч байсан ч гал сөнөөгчид амжиж унтрааж чаджээ. “Pegasus Airlines” компани нь хувийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, хямд өртөгтэй тээвэрлэгч бөгөөд Истанбул хотод байдаг. Ихэвчлэн Турк, Европ, Ойрхи Дорнод, Төв Азийн чиглэлд нисдэг, нийт 83 онгоцтой. Тэдгээрийн 47 нь “Boeing”, 36 нь “Airbus” компанийн онгоц аж.
Өмнө нь 2018 оны нэгдүгээр сард тус компанийн ижил загварын онгоц дээрхтэй төстэй байдлаар осолдож байсан ч хүний амь эрсдээгүй юм байна.
Эх сурвалж:AL JAZEERAA NEWS AGENCIES