Хятадын Ухань хотын эмнэлэгт мэндэлсэн хүүхэд төрснөөсөө 30 цагийн дараа коронавирусын халдвар авсан талаар тус хотын эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Хүүхдийн эх, коронавирусын халдвартай байсан учир вирус эхээс урагт халддаг байж болзошгүй гэсэн таамаглалыг эмч нар дэвшүүлээд байгаа юм. Гэхдээ яг ямар замаар халдсан талаар баттай мэдээллээгүй байна.
Халдвар илэрсэн хүүхэд 3.25 кг жинтэй төрсөн бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн, эмч нарын хяналтад байгаа гэнэ. Их Британийн их сургуулийн анагаах ухааны профессор Пол Хантер хэлэхдээ “Эмэгтэйчүүд өөрөөрөө төрөх үед ураг эхийн биед байгаа микробд өртөх эрсдэлтэй байдаг учраас төрх үедээ халдвар авсан байж болзошгүй” гэсэн юм.