LIVE: Нийслэлд орж буй усархаг борооны улмаас Сэлбэ гол үерийн түвшинг даван үерлэж байна

LIVE: Нийслэлд орж буй усархаг борооны улмаас Сэлбэ гол үерийн түвшинг даван үерлэж байна

Өчигдөр буюу зургаадугаар сарын 20-ны 21:00 цагаас эхэлж орсон борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэж, дээрээсээ боогдох эрсдэл үүсээд буй. Иймд бид өнгөрсөн зун далангаа даван үерлэсэн Сэлбэ голын эрсдэлтэй бүсийн нөхцөл байдлыг шууд дамжуулан хүргэж байна.

ШУУД ҮЗЭХ: 

Бид мэдээллийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр S’Outlet дэлгүүрийн буурин дээрээс хүргэлээ. Сэлбэ голын энэ хэсэг өнгөрсөн жил үерийн түвшинг даван үерлэж, тус бүсийн оршин суугчид тог цахилгаангүй болж иргэд, ААН-үүд баггүй хохирол амссан. Улмаар Нийслэлээс Сэлбэ гол дагуух зарим барилга, усны урсгалыг өөрчилж, үер болоход нөлөөлсөн хэмээн үзэж Авлига хороолол болон S’Outlet барилгыг нураахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд S’Outlet барилгыг нураагаад буй. Гэсэн ч барилга нураахаас өөрөөр өнгөрсөн жилийн үерээс хойш голуудыг үерлэхээс сэргийлэх дорвитой арга хэмжээг аваагүй. Тиймээс нийслэлд орсон усархаг борооны улмаас өнөөдөр /2024.06.21/ голуудын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэж байна.

Тодруулбал, Тэрэлж голын усны түвшин өмнөх өдрөөсөө 43 см- ээр, Туул гол Босгын гүүр орчим 58см, Сэлбэ гол Санзай орчимд 18см -ээр нэмэгдэн үерийн түвшинг даван үерлэж байна. Туул гол Зайсан орчимд 51 см-ээр, Сэлбэ гол Дамбадаржаагийн гүүр орчимд 18 см, Улиастай гол 19см-ээр нэмэгдэн олон жилийн дунджийг даван үерийн түвшинд хүрэхэд 7-15см дутуу байна.

Мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, S'Outlet дэлгүүрийн буурин дээр үерийн хамгаалалтын далан барих ажил өчигдөр /2024.06.20/ эхэлж буйг хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн. Ингэхдээ “үерийн даланг наймдугаар сарын 20-нд улсын комисст хүлээлгэж өгнө. Хоёр сарын хугацаанд барьж дуусгана” гэсэн юм. Тиймээс ирэх наймдугаар сар хүртэл иргэд далан босохыг хүлээцтэй хүлээх шаардлагатай болоод байна. Харин далан барих ажлыг гүйцэтгэгч мэргэжилтнүүд өнөөдрийн байдлаар үерлэж буй Сэлбэ голын усны урсгалыг тогтоохоор шороон далан босгон ажиллаж байна.

Түүнчлэн нийслэлд орж буй бороо өнөөдөр буюу зургаадугаар сарын 21-нд бороо үргэлжлэн орно гэдгийг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

  • Гэр хорооллын айл өрхүүд хашаа, байшин, гэрээ борооны ус орохоос сэргийлж суваг шуудуу татах,
  • Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорины давхрыг ус орохоос сэргийлэн шуудайтай элсээр хамгаалалт татах, усыг соруулах,
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах,
  • Голын усны түвшин нэмэгдсэн байгаа тул зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.