Өнөөдөр БНХАУ-ын эмч, судлаачид вирусын эсрэг эм “Ремдесивир”-ийн эмнэлзүйн туршилтын бүртгэлийг баталж, коронавирусаар халдвар авсан өвчтнүүдийн эхний хэсэгт уулгаж эхлэхээр болжээ. Баталгаажуулалтыг БНХАУ-ын ЭМЯ, Эрүүл мэндийн үндэсний комисс, Эмнэлгийн бүтээгдэхүүний үндэсний удирдлага хамтран дэмжиж байгаа юм байна. Ремдесивир хэмээх эм нь Америкийн эм үйлдвэрлэгч “Gilead Sciences” компанийн боловсруулсан эм гэж клиник туршилтын хөтөлбөрийн дарга Цао Бин хэлжээ.
Уг эмийг өмнө нь SARS ба MERS –ийн халдвар авсан хүн болон амьтан дээр туршиж үзэхэд вирусын эсрэг сайн идэвхжил үзүүлсэн байна. Үүнтэй холбоотой дотоодын судалгаанд энэхүү эм нь эсийн түвшинд шинэ коронавирусын эсрэг сайн үйлчилгээ үзүүлэх боломжтой гэж үзжээ.
Үүний талаар Хятадын Анагаахын Шинжлэх Ухааны академийн дэд ерөнхийлөгч Ван Чэн “Клиник туршилтаар гарах бодит үр дүнг хүлээх хэрэгтэй” гэсэн байна.