Улс төрийн хамгийн өндөр карьерт хүрсэн Ерөнхийлөгч нараас Х.Баттулга л улс төрөөс явж, салж өгөхгүй намын дарга, УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна

Улс төрийн хамгийн өндөр карьерт хүрсэн Ерөнхийлөгч нараас Х.Баттулга л улс төрөөс явж, салж өгөхгүй намын дарга, УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх ялалт байгуулж энэ оныхоо зургаадугаар сарын 25-ны өдрийн баасан гарагт "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг"-аа өргөж байв. У.Хүрэлсүх тангараг өргөснөөр түүний өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрх дуусгавар болсон.

-ТАВАН ЖИЛИЙН ДОТОР НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛЭЭ СЭРГЭЭХ, УЛС ТӨРИЙН НАМ БАЙГУУЛАХ, НАМЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХИЙГ ХОРИГЛОСОН ХУУЛИЙГ Х.БАТТУЛГАД ЗОРИУЛЖ БОЛОВСРУУЛСАН Ч УИХ-Д ӨРГӨН БАРИАГҮЙ-

Х.Баттулгын бүрэн эрх дуусахын өмнөхөн Хууль зүйн яамнаас "Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг боловсруулж иргэдийн саналыг авсан. Тухайн үед "Х.Баттулгад зориулж уг хуулийг гаргаж байна.  Тэр дундаа түүний улс төрийн үйл ажиллагааг хумиж, хязгаарлахад чиглэж байна" хэмээн улс төрийн хүрээнд сэдэвчилж байв. Тодруулбал, тус хуулийн 23 дугаар зүйлийн "Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсны дараах хязгаарлалт гэсэн бүлгийн"

  • 23.1. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсхүл улс төрийн нам байгуулах, эсхүл улс төрийн намын гишүүнээр элсэхийг хориглоно.
  • 23.2. Ерөнхийлөгч байсан иргэн гадаад улсад эмчлүүлэхээс бусад тохиолдолд гадаад улсад байнга оршин суух, амьдрахыг хориглоно.
  • 23.3. Ерөнхийлөгч байсан иргэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд удирдах болон гүйцэтгэх албан тушаал, зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.
  • 23.4. Ерөнхийлөгч байсан иргэн Монгол Улсын харьяатаас гарч, гадаад улсын харьяат болохыг хориглоно.
  • 24.1. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссанаас эхлэн Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх цалин насан турш авна.
  • 24.2. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн гурван жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, гуравдугаар зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй.
  • 24.3. Ерөнхийлөгч байсан иргэн энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсны дараах хязгаарлалтыг зөрчсөн бол түүнд энэ хуулийн 24.1-д заасан цалин олгохыг зогсооно гэж заасан байлаа. 

-П.ОЧИРБАТ, Н.БАГАБАНДИ, Б.ЭНХБАЯР, Ц.ЭЛБЭГДОРЖ НАРЫН ХЭН НЬ Ч УИХ-Д НЭР ДЭВШЭЭГҮЙ. ГЭТЭЛ Х.БАТТУЛГА УЛС ТӨРӨӨС ЯВЖ, САЛЖ ӨГДӨГГҮЙ НЭГЭН БОЛОВ-

2021 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар ийм  шинэчилсэн найруулгыг Ерөнхийлөгчийн тухай хуулинд оруулж, үүндээ иргэдээс санал аван сүрхий ажил болж байсан ч удалгүй таг, чиг болж УИХ-д өргөн барилгүй сураг алдаруулсан. Яагаад УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлээгүй нь анхаарал татах бөгөөд тухайн үед улс төрийн тохироо явагдсан цаашлаад МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн У.Хүрэлсүх ялсан учраас тус хуулийг "орхисон" байж болзошгүй гэж улс төрийн хүрээнд ярьдаг. 

Хэрвээ тус хууль УИХ-аар батлагдсан бол Х.Баттулга 2026 оны зургаадугаар сарын 25 хүртэл улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, нам байгуулах, намд элсэх эрхгүй байх байв.

Харин батлагдаагүй учир Х.Баттулга Ерөнхийлөгчөөс бууснаас ердөө нэг жилийн дараа АН-ын даргад өрсөлдөж, гурван жилийн дараа УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн нь сонгох, сонгогдох эрх нь нээлттэй ч Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын хэн ч УИХ-д нэр дэвшиж байсан удаагүй. Энэ нь тэдний улс төрийн соёл, ёс зүй, зангаргийг харуулж байгаа юм.Учир нь Улсын Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гээд улс төрийн хувьд байж болох хамгийн дээд карьер юм. Энд хүрчхээд дахин улс төр рүү чихэлцээд байх шаардлагагүй гэдгийг өмнөх Ерөнхийлөгч нар харуулсан.

П.Очирбат, Н.Багабанди нар нь чив чимээгүй аж төрж буй бол Б.Энхбаярын тухайд нэр дэвшихээр оролдсон ч "ял эдэлсэн" гэх шалтгаанаар дэвшүүлээгүй. Харин Ц.Элбэгдорж "улс төрөөс явлаа" гэдгээ илэрхийлээд холдсон. 

Гэтэл Х.Баттулга нь намын дарга байсан ч өрсөлддөг, УИХ-ын гишүүний сонгуульд ч нэр дэвшдэг, УИХ-аар хэлэлцэж буй хуулийг эсэргүүцэж ажилладаг улс төрөөс салж, явж өгдөггүй нэгэн болов.