Коронавирусын тархалт өдрөөс өдөрт нэмэгдэн, дэлхий дахины санааг зовоосоор байна. Хэдий "SARS", “MERS"-ийн халдвартай харьцуулахад нас баралт бага байгаа ч дэгдэлт илүү хурдацтай байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн. “SARS” вирусийн халдварын үеэр анхны вакциныг гарган авч, хүн дээр туршихад 20 сарын хугацаа зарцуулагдсан байдаг.
Харин коронавирусын эсрэг вакциныг элэгний “C” вирус болон ДОХ өвчний эсрэг эмийг гаргасан АНУ-д төвтэй “Gilead” биотехнологийн компани, Бээжинд төвтэй Хятад-Японы нөхөрлөлийн эмнэлэгтэй хамтран вирусийн эсрэг ремдезивир гэх эмийг Ухань хотноо хүн дээр туршиж эхэлжээ. Энэхүү вакциныг анх хулгана, сармагчин дээр туршиж байсан юм. Одоогоор туршилтын хариуг албан ёсоор мэдэгдээгүй байна.
Бусад хөгжилтэй орнууд ч вакцин үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр олон сая ам долларыг зарцуулсаар байна. Тухайлбал Их Британийн Засгийн газраас даваа гаригт коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд 20 сая фунт-стерлингийг хандивласан. Мөн Германы судалгааны сайд Аня Карличек ойрын хэдэн сарын дотор вакцин гаргаж авах найдлага байгааг мэдэгдсэн.
Одоогоор Хонгконгийн их сургуулийн судлаачид коронавирусийн эсрэг вакциныг гарган авснаа зарласан бөгөөд лабораторийн нөхцөлд амьтан дээр туршилт хийж байна. Хэдий вакцин үр дүнтэй болох нь батлагдсан ч олон тоогоор үйлдвэрлэж, дэлхий даяар тараахад багадаа жилийн хугацаа зарцуулах гэнэ.
Эх сурвалж:Thefortune.com