Шинэ төрлийн коронавирус тарсан тухай анх олон нийтэд зарлаж, анхааруулж байсан нүдний эмч Ли Вэнлянь өөрөө уг вирусийн халдвараар нас барсан тухай өнгөрсөн шөнө Ухань хотын төв эмнэлэг мэдээлжээ. 34 настай Ли эмч шөнийн 2:58 цагт амьсгал хураасан байна.
“Гамшгийн тэргүүн эгнээнд ажиллаж байсан мэргэжилтэн нас барсанд бид гүнээ эмгэнэн гашуудаж байна” гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын онц байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан мэдэгджээ. Хятадын сошиал орчинд иргэд эмгэнэл илэрхийлж, мэдээлэл задруулсан Ли Вэнляньд хатуу хандаж байсан эрх баригчдаас уучлал гуйхыг шаардсан байна. Эрх баригчид эмч халдвар авсныг нууж, гадагш мэдээлэхгүй байгаа тухай тэр нэгдүгээр сарын 31-нд Вэйбо сошиал сүлжээнд нийтэлсэн байна.
“Миний шинжилгээний хариу халдваргүй гэж гарсан ч амьсгалахад хүнд, арай ядан явж байна. Аав, ээж хоёр маань ч эмнэлэгт хэвтлээ” гэж тэр бичиж байжээ.
Эцэст нь өнгөрсөн Бямба гарагт Ли Вэнлянийг коронавирусийн халдвартай гэж албан ёсоор оношилжээ. Халдвар авсныг нь хүлээн зөвшөөрснөөс хойш хэдхэн хоногийн дараа тэр нас барлаа. Ухань хотод тарсан шинэ төрлийн коронавирусийн халдвараар өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 29274 хүн өвчилж, 638 хүн нас бараад байна.
Эх сурвалж:South China Morning Post