Б.Төрмөнх: Дугуйн экстрем спортоор хичээллэж, гаднын тэмцээнд оролцож түрүүлсэн анхны ази бас монгол хүн болсон /ВИДЕО/

Б.Төрмөнх: Дугуйн экстрем спортоор хичээллэж, гаднын тэмцээнд оролцож түрүүлсэн анхны ази бас монгол хүн болсон /ВИДЕО/

Олон улсын тэмцээн уралдаан, гаднын зураг, бичлэгээс л харж болох дугуйн экстем спортын үзүүлбэрийг өөрийн чадвараар зохиомжлон хийж, европын томоохон тэмцээнүүдэд Монгол Улсынхаа нэрийг гаргаж буй нэгэн залууг бид энэ удаагийн Social ID буландаа онцоллоо.

“Сайн бэлтгэгдэж, зөв техникээр дугуй унах чадварыг эзэмшиж 100 хувь чадна гэх итгэлтэй болсон цагт энэ спортыг сонирхох хэрэгтэй. Айдас байвал заавал алдана. Сонирхсон хэн бүхэн хичээллээд байдаг спорт биш. Харин миний хувьд гэр бүлийнхээ хоёр үе дамжин ирсэн дугуйг унаж сурсны дараа үзүүлбэр үзүүлж буй дугуйчдыг хараад экстрем дугуйн спортыг энтертайнмент үзүүлбэр болтол монголдоо хөгжүүлэх хүсэл мөрөөдөл тээж олон жил хичээллэсэн. Гэсэн ч одоогоор уг спорт маань монголд төдийлөн хөгжөөгүй тул гаднын тэмцээнүүдэд оролцож, зарим тэмцээнд эл спортоор түрүү байр эзэлж, цом хүртсэн анхны ази болон монгол хүн болж байгаа. Цаашид ч илүү олон төрлөөр хөгжүүлж, 80 хүртлээ дугуйн спортоо орхихгүй гэж боддог” хэмээн ярих залууг Б.Төрмөнх гэдэг. Түүний хувьд үсчин мэргэжлээр ажилладаг ч чөлөөт цагаараа Монгол Улсад дугуйн экстрем спортыг хөгжүүлэхээр ажиллаж буй нэгэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

-Та юуны түрүүнд манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Батболдын Төрмөнх гэдэг. Үсчин мэргэжилтэй. Олон жил эрэгтэй үс засалтаар дагнан ажиллаж байгаа.

-Хэдэн настайдаа дугуй унаж сурсан бэ. Хэн зааж өгч байв?

-14 настайдаа анх дугуй унаж сурч байсан. Тухайн үед аавын минь хэрэглэж байсан хоёр үе дамжсан дугуй надад ирж, аав маань дугуй унахыг зааж байсан.

-Дугуйн экстрем спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-2017 онд талбай дээр дугуй унаж үзүүлбэр хийж байгаа хүүхэд, залуусыг хараад ингэж сурмаар юм байна гэх бодол төрсөн. Тухайн үед очиж “Би ингэж сурмаар байна аа” гэхэд “чиний дугуй чинь болохгүй байна. Энгийн дугуй болдоггүй юм аа” гэсэн. Тэрнээс хойш өөрөө энгийн дугуйгаар үзүүлбэр үзүүлдэг больё гэж шийдсэн. Түүнээс хойш талбай дээр хонох шахуу бэлтгэл хийж өөрийнхөө дугуйн дээр үзүүлбэр зохиомжлон хийдэг болсон. Тэгсэн нөгөө дугуй унаж байсан залуус маань нэгдэх санал тавьж анх дугуйн спортод орсон.

-Дугуйн экстрем спорт маш эрсдэлтэй харагддаг. Энэ спортоор хичээллэж эхлэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авч байв. Ер нь дэмждэг үү?

-Гэр бүлийнхэн маань намайг маш сайн дэмждэг. Аав маань намайг бага байхаас л дугуй унадаг байсан учир ааваасаа үлгэр дуурайлал авдаг. Гэхдээ мэдээж эрсдэлтэй спорт учир ээж маань санаа зовох, санаа тавих замаар байнга л холбогдож бэлтгэл сургуулилтын талаар асуудаг. Тэмцээн уралдаанд явах бүрд ээж маань сүү өргөөд явуулдаг болохоор би илүү зоригтой, айх айдасгүй болж, тэмцээндээ ч амжилт гаргаад ирдэг дээ.

-Ямар тэмцээнүүдэд оролцож байсан бэ?

-2013 онд хамгийн анхны Улсын аварга шалгаруулах тэмцээн болсон. Тэр тэмцээнд оролцоод түрүүлж байсан. Түүнээс хойш дугуйн спортын арай өөр чиглэлээр хичээллэж эхэлсэн. “flatland” гээд арай мэргэжлийн тал руугаа орсон гэсэн үг. Энэ төрөл нь үсэрч харайхаас илүүтэй тайзны, энтертайнмент буюу дугуйн янз бүрийн үзүүлбэрийг энгийн дугуйн дээр зохиомжилж хийхийг хэлдэг. Яг энэ төрлөөрөө өөрийгөө сорьж үзэхээр шийдэж, Турк улсад болсон олон улсын тэмцээнд оролцсон. Тус тэмцээнд оролцсон ганц ази хүн нь би байсан. Тэгээд тэр тэмцээнээсээ мөнгөн цом авсан.

-Монголд дугуйн спортын энэ төрлөөр хичээллэдэг хүн байдаг уу?

-Яг энэ төрлөөр одоогоор Монголд би ганцаараа хичээллэж байгаа.

-Эрсдэл өндөртэй спорт шүү дээ. Бэлдэх явцдаа гэмтэл авч байсан уу. Бэртэл авахгүйгээр ур чадвартай болох боломж нь юу байдаг вэ?

-Мэдээж экстрем спорт учир унаж бэртэх асуудал маш их байдаг. Энгийн спортоос эрсдэл өндөртэй. Миний хувьд бэлтгэх хийх явцдаа зөв унах техник эзэмшсэн. Тэгэхээр унах үедээ аль болох бэлтгэл багатай унадаг болсон гэсэн үг. Анхнаасаа сэтгэл зүй, бие ээ сайн бэлдээд зөв техникээр сурвал гэмтэл бага авч ур чадвар эзэмших боломжтой байдаг.

-Та энэ спортын чиглэлээр хүүхэд бэлтгэдэг үү?

-Улсын аварга болсноос хойш бага багаар хүүхдүүдийг бэлтгэж одоогоор 10 гаруй шавьтай болсон байна. Бүгдээрээ хамтдаа бэлтгэл хийж тэмцээн, уралдаанд оролцдог. Шавь нар маань энэ спортод маш амжилттай явж байгаа. Хүүхэд бэлтгэхдээ нэг анзаарсан зүйл нь спорт гэдэг хүнийг маш зөв хүмүүжүүлдэг юм байна лээ. Өсвөр насныхан ялангуяа ямар нэг спортоор хичээллэж, түүнийгээ хобби болговол гадуур дэмий тэнэж, буруу зүйлд уруу татагдахгүй байх сайн талтай байдгийг шавь бэлтгэхдээ анзаарсан.

-Дугуйн спорт хүний эрүүл мэндэд олон талын тустай байдаг. Энэ дотроо та бүхний хичээллэж буй экстрем спорт хүнд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Эксртем дугуйн спортын төрлийн ялгаа нь хүнийг маш их тэсвэр хатуужилтай болгодог. Бас эрүүл чанга биетэй болгоно. Өөртөө итгэлтэй болно. Зүгээр явж байгаад бүдэрч унах тохиолдолд ямар ч бэртэл авалгүй унах гэхчлэн гэнэтийн олон зүйлээс өөрийгөө хамгаалж чаддаг болох гээд амьдралд тустай тал их байдаг.

-Энэ спортыг сонирхож буй залууст хандаж зөвлөвөл?

-Энэ бол сэтгэлзүйн болон биеийн маш их бэлтгэлийн дараа бүрэн өөртөө итгэлтэй болж, үүнийг би нүдээ аниад ч хийж чадна гэсэн үедээ л хичээллэх спорт. Зүгээр нэг сонирхлоороо хийх зүйл яасан ч биш шүү. Сонирхоод хийнэ гэдэг нь хэт өндөр эрсдэлтэй гэж хэлмээр байна.

-Монгол Улсад дугуйн экстрем спортын бэлтгэл хийх стандарт талбай байдаг уу. Та бүхэн хаана бэлтгэлээ хийж байна?

-Манай улсад экстрем спортын зориулалтын талбай бараг байхгүй. Уг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэг баригдсан. Гэхдээ тэр нь гаднын орны стандартын дагуу хийгээгүй. Зүгээр л нэг барилгын компани иймэрхүү л юм байх юм байна гээд хар ухаанаар хийсэн юм уу гэж харагдаж байсан. Зориулалтын талбай бол маш нарийн хэмжээтэй байх ёстой. Тэгж байж зөв шидэгдэнэ. Гэвч манайд хийсэн талбайд баримжаа, хэмжээний зөрүү их байгаа учир шууд бэртэл авах эрсдэлтэй юм байна лээ. Бас саяхан Зайсан 2 буюу Дарь Эх орчимд нэг талбай хийсэн байна лээ. Очиж үзэхэд бас л ямар ч стандартгүй байсан. Тэнд очиж юм хийхэд маш хүндрэлтэй. Тиймээс цаашид гаднын орнуудын туршлагыг судалж стандарт юм хийгээсэй гэж хүсдэг.

Намайг бага байхад уг нь 13 дугаар хороололд нэг зориулалтын талбай байдаг байсан ч буулгаад одоо барилга босгочихсон байгаа. Тэгэхээр стандарт талбайгүй учир бид бэлтгэлээ олон нийт ихээр явдаг Тэнгис кино театр, Төв талбай зэрэг газруудад хийдэг. Тэгэхээр олныг бас эрсдэлд оруулж байгаа тул уг нь санаа зовох зүйлгүй нэг бэлддэг газартай болчихвол сайхан л байна. Стандарт талбайтай болбол ганц экстем спортынхон гэлтгүй дугуй сонирхогчид ч очоод чөлөөт цагаа өнгөрүүлж болно шүү дээ.