Орос, Хятадын зорчигч тээврийн төмөр замын хөдөлгөөнийг бүрэн зогсоожээ

Орос, Хятадын зорчигч тээврийн төмөр замын хөдөлгөөнийг бүрэн зогсоожээ

Коронавирусний халдвар дэгдсэнтэй холбоотойгоор ОХУ хоёрдугаар сарын 3-наас эхлэн БНХАУ-тай зорчигч тээврийн галт тэрэгний бүх хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоосон тухай “Оросын төмөр замууд” компани мэдээлжээ. Коронавирусний халдвар ОХУ-д тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор ОХУ, БНХАУ хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг Москвагийн цагаар 00:00 цагаас эхлэн "дараагийн тусгай мэдэгдэл гарах хүртэл" зогсоосон байна.  

Тодруулбал, “Хятадын төмөр замууд” компанийн Бээжин-Москва чиглэл, Чита-Өвөр Байгалын хязгаар-Бээжин болон Москва-Бээжингийн шууд харилцааны галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ.   

Москва-Бээжин чиглэлээс бусад зорчигч тээврийн галт тэрэг, шууд харилцааны вагонуудын хөдөлгөөнийг урьд нь нэгдүгээр сарын 31-нээс эхлэн түр зогсоосон байсан юм. Харин өнөөдрөөс эхлэн зорчигч тээврийн төмөр замын хөдөлгөөн бүрэн зогсож байна. Гэхдээ ОХУ, БНХАУ-ын хооронд ачаа тээврийн төмөр замын харилцаа үргэлжилсэн хэвээр байгаа юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг