ЭМЯ: Уханиас иргэдээ авсан тав дахь орон боллоо

ЭМЯ: Уханиас иргэдээ авсан тав дахь орон боллоо

ЭМЯ-аас цаг, үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Манай улс Ухань хотоос 31 оюутнаа өнөөдөр авчирч, ХӨСҮТ-т тусгаарласан. 

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Ухань хотоос оюутнаа авчирсан эхний таван оронд багтсан. Энэ нь иргэнийхээ эрүүл мэндэд анхаарал хандуулдгийн илрэл. Монгол улсад короновирус одоогоор илрээгүй байна” гэлээ.

ДЭМБ-ын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн н.Ариунтуяа “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэгдүгээр сарын 31-ний байдлаар 9826 шинэ тохиолдлыг бүртгээд байсан бол БНХАУ-ын эрүүл мэндийн хорооны мэдээллээр тохиолдлын тоо 11 мянга 821 хүрээд байна. Тархалт БНХАУ-д идэвхтэй явагдаж байна. БНХАУ-ын 31 мужид дэгдэлт явж байгаагаас Хөбэй муж тархалтын 89 хувийг эзэлж байна. Италид бүртгэгдсэн хоёр тохиолдол нь БНХАУ-д аялснаас үүссэн байна. Өвчний халдвар тархах хурд нь 1.4-4.9 байгаа. Энэ нь нэг хүн 1-5 хүнд халдвар тараах магадлалтай гэсэн үг. Нууц үеийн хугацаа тав буюу 1-11-ийн хооронд байгаа. Эрсдэл нь бүс болон дэлхийн хэмжээнд өндөр, Хятад улсын хэмжээнд маш өндөр хэвээр байна” гэлээ.

-ОЮУТНУУДААС ГАДНА НИСЭХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ 15 ХҮНИЙГ ТУСГААРЛАСАН-

Харин ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Уханиас ирсэн 31 оюутан, нэг хүүхдийг 10.20 цагт хүлээж авсан. Эдгээр иргэдийг тусгаарлах өрөө, эмч, лабораторийн ажилчид бэлэн ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу нийтдээ Ухань хотоос 32 хүн, нисэх бүрэлдэхүүний 15 хүн гэсэн нийт 47 хүнд 14 хоногийн тусгаарлалт хийнэ. Манай төвөөс томилогдсон ажилчид энэ хугацааг дуустал солигдолгүй ажиллахаар болсон. Клиник шинж тэмдгийг нь эмчилж, шинэ оношлуураар оношилно. Цаг хугацааны хувьд тодорхой хяналт хийгээд гаргана. БНХАУ нь голомтод бүсэд байгаа гаднын иргэдийг маш сайн хянаж гаргаж байна. БНХАУ нь халдварыг гадагш нь гаргахгүй байхаар, онцгой анхаарч ажиллах болно гэдгээ зарласан” гэсэн юм.