ЮНИВИШН: Гэрээгээ шинэчилсэн ч интернетийн хурд НЭМЭГДЭЭГҮЙ

ЮНИВИШН: Гэрээгээ шинэчилсэн ч интернетийн хурд НЭМЭГДЭЭГҮЙ

Юнител компанийн гурвалсан үйлчилгээний ЮНИВИШН төхөөрөмжийг хэрэглэгчдийн тоо жил ирэх тусам өсөж байна. Хэрэглэгчид өсөх тусам тэдний хүсэл, сонирхолд нийцсэн урамшуулал, багцыг тус компаниас ихээр гаргах болсон. Тэгвэл өнгөрсөн оны арван нэгдүгээр сард санаачилсан  “Гэрээгээ шинэчлээд интернетийн хурдаа 10-20 дахин нэм” урамшуулал нь иргэдийн дунд гомдол, шүүмжлэлийг дагуулах болсон  байна.

Гурван жилийн турш ЮНИВИШН-ий үнэнч хэрэглэгч  байх нөхцөлтэйгээр гэрээр байгуулж интернетийн хурдаа 10-20 дахин нэмэгдүүлэх  нөхцөлтэйгөөр хэрэгжиж буй юм. Гэвч гэрээгээ шинэчлүүлсэн иргэдийн интернетийн хурд огт нэмэгдээгүй талаар хүмүүс шүүмжтэй хандаж байна.

Энэ талаар иргэн Б-ээс тодруулахад “Гэрээгээ шинэчлээд хурд нь сайжраагүй. Энэ талаар лавлахад төхөөрөмжөө соливол хурд нэмэгдэнэ гэсэн” хэмээсэн юм.

Тэгэхээр гэрээ шинэчилж, хурдыг нь нэмэгдүүлэх нэрэн дор төхөөрөмж зарах гэсэн ажил ч явсан байж болзошгүй гэж хардах иргэд байгаа аж.

Хэрэглэгчдийн хэлж буйгаар ихэнх нь утсаар холбогдон аман гэрээ байгуулсан бол зарим нь өөрийн биеэр очиж гэрээ байгуулсан ч гэрээний нөхцөлтэйгээ тодорхой танилцаагүй байсан юм.

Иргэд байгуулсан гэрээгээ цуцласан тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар ЮНИТЕЛ КОМПАНИАС тодруулахад, хэрэв хэрэглэгч гэрээгээ цуцалсан тохиолдолд хэрэглээгүй хугацааныхаа төлбөрийг сар бүрийн таван мянган төгрөгөөр тооцон төлнө. Жишээлбэл, 12 сар ЮНИВИШН-ийг ашигласны дараа гэрээгээ цуцлан өөр кабелийн хэрэглэгч болох юм уу тодорхой нэгэн шалтгаанаар гэрээ цуцлагдвал хэрэглээгүй үлдсэн 24 сарын тооцоог нөхөн төлөх шаардлагатай болно” гэсэн хариуг хэлсэн юм.