"Босоо Монгол" ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан: Талийгаачийн үхэлд “Сентерра Гоулд” ХХК-г хардаж байна

2020-01-31 13:53

"Босоо Монгол" ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан: Талийгаачийн үхэлд “Сентерра Гоулд” ХХК-г хардаж байна

"Босоо Монгол" ТББ-ын тэргүүн гэх П.Шинжээравдангийн өөрийн цахим хуудаснаа тавьсан бичлэгээс болж иргэн Г амиа хорлосон байж болзошгүй гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгсөн.

Тодруулбал, тус бичлэгт П.Шинжээравдан нь талийгаач Г-г зулзган мод тайрсан хэмээн буруутгаж бургасаар ороолгож харагддаг билээ. 

Мөн энэ талаар ЦЕГ-ын дэд хурандаа Б.Баатархүү өөрийн твиттер хуудаснаа “Фейсбүүкт бичлэг нь цацагдсан иргэн амиа хорлосон нь үнэн. Уг асуудлыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар шалгаж байна. Иргэн цагдаад зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа удахгүй шийдвэр гарахаар мэдээлэл өгнө” гэж бичсэн.

Харин бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс П.Шинжээравданаас тус хэргийн талаар тодрууллаа.

П.Шинжээравдан хэлэхдээ “Энэ хэрэгт  “Сентэрра гоулд” компанийг хардаж байгаа. Манай байгууллага 2014 оноос эхлэн Ноён уулыг хамгаалах бүхий л тэмцлийг хийж эхэлсэн. Харин Сентэрра гоулд компани Ноён уулыг ухах гэж биднийг дарахаар ийм хэрэг хийсэн байж болзошгүй. Бичлэг цацагдсанаас гурван хоногийн дараа энэ хэрэг болсон. Энэ хооронд талийгаач цагдаад мэдүүлэг өгсөн юм байна лээ. Бид тэр хүнийг өөрөө амиа хорлохоор хүн биш гэдэгт итгэлтэй байна. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье” гэсэн юм.

2020-01-31 11:57

Б.Баатархүү: Фэйсбүүкт бичлэг нь цацагдсан иргэн амиа хорлосон нь үнэн

Энэ сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд 52 настай Г гэгч иргэн эзэнгүй балгасны модноос өөрийгөө боомилсон байдалтай нас барсан хэрэг гарсан. Хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд эх сурвалжууд  "Босоо Монгол ТББ-ын тэргүүн гэх П.Шинжээравдангийн өөрийн цахим хуудаснаа тавьсан бичлэгээс болж талийгаач амиа хорлосон байж болзошгүй” гэж мэдээлсэн байна. Уг бичлэг нь “Ноён уулын арын Бэлүүтийн аманд мод бэлтгэж, залуу хус мод тайрсан хэсэг иргэдийг шийтгэжээ” гэсэн нэртэйгээр олон нийтийн сүлжээнд цацагдсан бөгөөд П.Шинжээравдан тэдгээр иргэдийг модоор цохиж байжээ. Бичлэг цацагдсанаас гурван хоногийн дараа талийгаач амиа хорлосон юм байна.

Харин хэргийн талаар ЦЕГ-ын дэд хурандаа Б.Баатархүү өөрийн твиттер хуудаснаа “Фейсбүүкт бичлэг нь цацагдсан иргэн амиа хорлосон нь үнэн. Уг асуудлыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.” гэжээ.