ШӨХТГ: “Мөнхийн тун” компани амны хаалтны үнийг нэмсэн нь тогтоогдсон

ШӨХТГ: “Мөнхийн тун” компани амны хаалтны үнийг нэмсэн нь тогтоогдсон

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлд үүссэн нөхцөл байдалд хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулаа.

Нэгдүгээр сарын 23-27-ны хооронд ШӨХТГ-ын тусгай утсанд нийт 240 иргэн хандаж амны хаалт болон ариутгалын бодисууд олдоц муу, үнэ нэмэгдсэн гэх гомдлыг хэлжээ.

Иргэдийн гомдлын дагуу ШӨХТГ-аас эм ханган нийлүүлэлтийн компани, эмийн сан, үйлдвэрүүдэд шалгалт хийсэн байна.

Монгол улсад “Мөнхий тун” компани ганцаараа амны хаалт үйлдвэрлэдэг байна. Тус компани өдөрт 40 мянга орчим амны хаалт үйлдвэрлэж буй ч зах зээл дээр эрэлт их бий болсон учраас иргэдэд хүрэлцэхгүй байгаа аж.

Тус компани зохиомлоор хомсдол үүсгээгүй гэдэг нь шалгалтаар тогтоогджээ. Гэхдээ түүхий эд нь дууссан мөн амны хаалтны бөөний үнийг 60 төгрөгөөр, ширхэгийн үнийг 200 төгрөгөөр нэмэгдүүлжээ.

Тиймээс тус үйлдвэрт мэдэгдэл хүргүүлж, үнээ нэмсэн дутагдал, зөрчлөө арилгахыг даалгажээ.

Мөн “Монос” эмийн үйлдвэр амны хаалтны үнийг хэдэн төгрөгөөр зарж байгаагаа тодорхой болгоогүй зөрчлийг гаргажээ.

Амны хаалт болон ариутгалын бодис олдохгүй байгаа учраас үйлдвэрүүдийг бүтээгдэхүүнээ хүртээмжтэй хүргэх мөн энэ төрлийн бүтээгдэхүүн импортолдог эм ханган нийлүүлэлтийн компаниудад Эрүүл мэндийн яамнаас яаралтай лицензийг нь цаг алдалгүй олгохыг зөвлөсөн байна.

Мөн энэ төрлийн худалдаа үйлчилгээ явуулдаг газруудад онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед өөрсдөө ашиг орлох үүднээс үнээ нэмэхгүй байхыг зөвлөж байгаа аж..

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “Бид үнэ, тарифт судалгаа хийгээд зөвлөмж хүргүүлдэг. Холбогдох яаманд нь мэдэгддэг. ШӨХТГ нь торгодог газар биш. Дэмжих, хамтран ажиллах чиглэлд л ажилладаг. Бидний ажиллах нөхцлийг илүү өргөн хүрээтэй болгохын тулд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай. УИХ баталж өгнө гэдэгт итгэж байна” гэсэн юм.