Японд Корона вирусын 11 тохиолдол бүртгэгдлээ

Японд Корона вирусын 11 тохиолдол бүртгэгдлээ

Өчигдөр(1.29) Японы Засгийн Газар, Уханиас 206 иргэнээ эх оронд нь авч ирсэн. Японы Эрүүл мэндийн яамны ажилтнууд нислэгийн үеэр гурван хүн өндөр халуурч ханиалгах болон бусад шинж тэмдгүүд илэрч байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл гурван иргэний шинжилгээний хариу эерэг гарч халдвар авсан нь тогтоогдсон байна.

Японд одоогийн байдлаар халдвар авсан 11 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний дотор огт аялалаар яваагүй хоёр иргэн байгаа юм. Энэ талаар Токиогийн анагаахын их сургуулийн эмнэлгийн профессор Атсуо Хамада “Корона вирус хүнээс хүнд халдварлах магадлал тун өндөр байна” гэж мэдэгджээ. Мөн онгоцонд зорчиж явсан 206 хүний хоёр нь шинжилгээ өгөхөөс татгалзсан бөгөөд Японы эрүүл мэндийн ажилтнууд бүхий л талаар ятгаж байгаа юм байна.

Энэ сарын 28-ны өдөр Японы Засгийн газраас анхны корона вирусын тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Халдвар авсан иргэн нь 60 настай эрэгтэй бөгөөд Японы аялалын автобусны жолооч юм байна. Тэрээр бага зэрэг ханиалгаж эхэлсэн бөгөөд эмнэлэгт хандахад зүгээр гэсэн хариу өгсөн бол долоон хоногийн дараа бие нь муудаж эмнэлэгт хүргэгдэн халдвар авсан нь тогтоогджээ. Японы эрүүл мэндийн байгууллагаас түүнтэй хамт зорчиж явсан хүмүүсийг халдвар авсан байж болзошгүй гэж үзэн тусгаарласан ч өвчний шинж тэмдэг илрээгүй аж. Японы Засгийн газраас коронавирусын халдвар өргөн хүрээнд тархаагүй тул ард иргэдээ тайван байхыг анхаарууллаа.