Сүүлийн үед цахим орчинд коронавирустай холбоотой худал, ташаа мэдээлэл олноор гарах болсон. Тэгвэл гадаадууд Мексикийн “Корона экстра” шар айрагийг 170 гаруй хүний аминд хүрээд буй коронавирустэй ямар нэгэн байдлаар холбоотой хэмээн үзэж бухимдаж байгаа талаар “business insider” сайтад мэдээлжээ.
“Гүүгл трендс”-ээс мэдээлснээр "корона пивоны вирус", "шар айрагны вирус", "шар айрагны коронавирус" гэсэн онлайн хайлт дэлхий даяар нэлээд ихэссэн байна.
Тодруулбал, нэгдүгээр сарын 18-наас 26-ны хооронд "корона шар айрагны вирус" гэсэн утгатай хайлт дэлхий даяар 2,300 хувиар өссөн гэж “Гүүгл трендс” мэдээлжээ. "Корона шар айрагны вирус" хэмээн хайлт хийж буй хүмүүсийн жагсаалтыг Камбож, Дани улсууд тэргүүлж байна. Мөн АНУ-аас хийж буй хайлт нэмэгдэж байгааг “Гүүгл” компаний чиг хандлагын график харуулжээ.
"Корона" нь латин болон испани хэлээр титэм гэсэн утгатай үг бөгөөд коронавирус гэдэг нэр нь микроскопоор вирусыг харахад титэм хэлбэртэй харагддагтай холбоотой юм.