М.Бадарч: Улсын наадамд түрүүлсэн Э.Оюунболдыг яаж доромжлуулж, чичлүүлж байсныг харсан хүн тэр түүхийг давтаж, допинг хэрэглэнэ гэж байхгүй /ВИДЕО/

М.Бадарч: Улсын наадамд түрүүлсэн Э.Оюунболдыг яаж доромжлуулж, чичлүүлж байсныг харсан хүн тэр түүхийг давтаж, допинг хэрэглэнэ гэж байхгүй /ВИДЕО/

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, улсын арслан цолыг хүртсэн М.Бадарчаас допингийн төрлийн бодис илэрч, уг асуудлыг Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүх өнгөрсөн хоёр өдрийн турш хэлэлцэж, энэ сарын нэгний өдөр /2024.05.01/ шийдвэрээ танилцуулсан байдаг. Тэгвэл бид уг асуудлаар бид улсын арслан М.Бадарчтай ярилцлаа. 

ВИДЕО: 

-НАМАЙГ ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН ГЭХ ШҮҮХИЙН ШИЙДВЭРТЭЙ САНАЛ НИЙЛЭХГҮЙ. ДАВЖ ЗААЛДАНА-

Монгол Улсын арслан М.Бадарч

-Үндэсний арбитрын шүүх танд холбогдох допингийн хэргийг хоёр өдрийн турш хэлэлцээд шийдвэрээ гаргалаа. шүүхийн шийдвэрийг та хүлээн зөвшөөрч байгаа юу?

-Миний хувьд допингийн шинжилгээний анхны хариуг хүлээн зөвшөөрөхгүй арбитрын шүүхэд хандсан. Арбитрын шүүхээс гаргасан уг шийдвэртэй ч санал нийлэхгүй.

-Санал нийлэхгүй байгаа шалтгаанаа тайлбарлаж болох уу?

-Санал нийлэхгүй байх шалтгаан бий шүү дээ. Намайг "Чи үүнийг хэрэглэж, бодис шахсан байна. Хэрэглэхийг санал болгосон хүнээ хэл" гэж шахаж байгаа. Тийм хүн байхгүй юм чинь би хэнийг гэж хэлэх билээ. Арбитрын шүүх "Чи тийм хүн олоод ир. Тэгвэл шийтгэлийг чинь багасгаж өгнө" гэсэн утгатай юм яриад байна лээ. Би хүн гүжирдэлтэй нь биш, хэнийгээ хэлэх вэ дээ.

-Тэгэхээр та давж заалдах шатны шүүхэд хандах уу?

-Олон улсын арбитрын шүүхэд хандана. Энд гаргасан арбитрын шүүхийн шийдвэр зөв эсэхийг хянуулна.

-БИ ЦАГДААД БАЙЦААЛТ Ч ӨГЧ ҮЗЭЭГҮЙ. ТИЙМЭЭС ШҮҮХ ХУРАЛ ДЭЭР БҮГДИЙГ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ САНДАРСАН-

Монгол Улсын арслан М.Бадарч

-Хоёр өдрийн турш арбитрын шүүх дээр яригдсан асуудлуудтай та санал нийлэх үү. Бөх хүнд хуульчдын асуулт хэцүү, хүнд санагдсан байх?

-Яах вэ. Шүүх хуралд бие төлөөлөгчөөрөө Шижирбатыг явуулсан. Харин маргааш нь эсрэг талаас намайг байлцуулах санал гаргасан байсан. Би тухайн үед хотын захад ажилтай явж байсан. Тэгэнгүүт шүүх эсрэг талын саналыг гялс хүлээж аваад шийдвэрлэсэн.

-Өөрийн биеэр оролцоод хэлье гэсэн зүйлээ бүгдийг нь хэлж, хангалттай тайлбарлаж чадсан уу?

-Хууль сайн мэдэхгүй учраас хуулийн талаас нь зөв, буруу ярьчих гээд их хэцүү байсан. Би амьдрахдаа гэмт хэрэг, хэл аманд орооцолдож үзээгүй. Цагдаагийн өмнө ч байцаалт өгч үзээгүй хүн. Эсрэг талын өмгөөлөгч түс, тас асууж "Чи үүнийгээ баталж чадах юм уу" гэх мэт асууж эвгүй байдалд оруулдаг юм билээ.

-Танаас допинг илэрсэн гэдгийг анх хэвлэл мэдээллийн хэрэгслээс харсан уу?

-Наймдугаар сарын 11-нд шинжилгээ авсан бөхчүүдээс  допинг илэрсэн гэх мэдээллийг сэвж эхэлсэн. Тэрийг би гэж ч мэдээгүй. Тухайн үед би эхнэр, хүүхэдтэйгээ хөдөө амарч байсан. Тэгээд наймдугаар сарын 21-ны өдөр хөдөө явж байхад Сайнзориг нар шинжилгээний хариуг танилцуулсан. Би хөдөө яваад мэдээгүй. Сүлжээтэй болоод байж байтал Хууль зүйн яамнаас холбогдоод "Таны шинжилгээнээс ийм зүйл илэрлээ" гэж хэлсэн. Пал гээд л явчихсан. Гайхаад. Солонгосын лабораторид нь очиж өөрийнхөө шээсийг мөн байна уу үгүй гэдгийг тулгамаар байна гэх санал тавьсан. Хариуд нь "Манайх тийм шинжилгээ хийх боломжгүй. Өөрийнх нь шээс мөн эсэхийг баталж өгөх боломжгүй" гэсэн. Тэгэхээр нь би нэмэлтээр төлбөр төлж цусаар шинжилгээ өгье гэхэд мөн л боломжгүй гэсэн. Миний шээс мөн эсэхийг тогтоогоогүй. Тогтоолгох зорилгоор би Солонгос явсан.

Шүүх хурлаар нөхцөл байдлаа тайлбарлах боломж ч олгоогүй.  “За гялс яв” гэж л харьцаж байсан. Шүүх хуралд манай талаас төлөөлөн оролцож байгаа С.Шижирбат гэхчлэн хэдэн хүн байсан ч яриулаагүй. Намайг төлөөлж орсон хүмүүсийн үгийг сонсолгүй өмгөөлөгч, хуульчдын үгийг л сонссон. Уг нь тэд чинь миний бие төлөөлөгч болоод орж байгаа хүмүүс байсан шүү дээ.

-Олон улсын арбитрын шүүхийн эцсийн шийдвэр таны талд гарна гэдэгт та итгэлтэй байгаа юу?

-Надаас шинжилгээ авсан байгууллагын дээд удирдлагууд нь өөрсдөө асуудалтай. Тиймээс энэ шинжилгээ процессын алдаатай. Би энд жишээ татаад нэг бичиг баримтыг нь уншъя л даа. “Давж заалдах комиссын зүгээс хуулийн дагуу М.Бадарчтай хамтран ажиллах саналтай танилц. Нэгдүгээрт, “Хэн энэ бодисыг санал болгосон юм. Яаж олж авсан бэ. Ямар замаар хэрэглэсэн гэдгээ тайлбарла” гэж байгаа юм. Энд гэхэд надад тайлбар байхгүй. Учир нь ийм зүйл угаасаа байхгүй. Хоёрдугаарт, допинг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шийтгэлийн хугацааг багасгаж, шийтгэлийг нэг жилээр хасах боломжтой” гэж байгаа юм. Одоо тэгэхээр миний хийгээгүй хэргийг хийсэн болгож надаар хүлээлгэх гээд байна шүү дээ. Энэ яг юу гэсэн үг вэ. Би одоог хүртэл учрыг нь олохгүй байгаа. Нэг ёсондоо хулгай хийгээгүй байхад, чи хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөр гэдэгтэй адил юм уу даа.

Монгол Улсын арслан М.Бадарч

-Хилсээр хэрэг хүлээлгэх гээд байна л гэсэн үг үү?

-Тийм

-Ер нь Монголын Үндэсний бөхийн холбоо гэдэг ТББ бөхчүүдийн барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж байгаа нь бөхчүүдийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж, хүний эрхэнд халдаад байна уу гэж бид үздэг. Энэ тал дээр та ямар үзэл бодолтой байдаг вэ?

-ТББ төрийн өмнөөс үйлчилгээ явуулна байхгүй шүү дээ. Мэдэхгүй юм даа ямар хууль заалтаар үйл ажиллагаа явуулаад байгааг нь би үнэндээ хэлж мэдэхгүй байна.

-Таны барилдах эрхийг дөрвөн жилээс хасчихсан шүү дээ?

-Энэ нь арбитрын шүүхийн эцсийн шийдвэр биш. Гэхдээ намайг хэргээ хүлээ, тийм зүйл шахсан хүнээ олж өг, хуулийн дагуу хамтарч ажилла гэж байгаа. Гэтэл надад ямар нэг зүйл хэрэглэсэн зүйл байхгүй. Тэр нэг зүйлийг нь санал болгосон хүн ч байхгүй.

-Та яг одоо юу хийж амьдарч байна?

-Яах вэ. Тэгээд л гэр бүл, үр хүүхэдтэйгээ амьдардгаараа л амьдар ч байна. Амьд хүн аргатай шүү дээ. Гэхдээ хамгийн хэцүү нь хань ижил маань надаас илүү сэтгэл санааны хувьд хэцүү л байдаг юм байна лээ. Хүндрэлтэй зүйл олон бий. Гэхдээ тэгээд зохицуулаад л явна даа.

-Танд ирээдүйд өөрийн гэсэн дэвжээтэй болж хүүхдүүдэд бөхийн эрдмийг заах мөрөөдөл байдаг уу?

-Одоо намайг дагаж бэлтгэл хийдэг маш олон залуучууд байгаа. Бэлтгэл сургуулилт хийх хүсэлтэй залуусаа цуглуулаад өөрийн сурсан мэдсэнээ заагаад л явж байна.

-Гэр бүл ойр дотнын хүмүүс нь дээрх асуудалтай холбогдох үед хэрхэн хүлээж авав?

-Ойр дотнын хүмүүс гэхээс илүү нутаг усны хүмүүс, ах дүү хүмүүст мэдээж хүнд хэцүү байгаа. Архангай аймгийн 100 жилийнхээ ойгоор төрийн наадамд түрүүлж сэтгэлийн хөдөлгөөд, итгэлийн сэмлэхэд мэдээж хэцүү л байна шүү дээ. Арбитрын шүүхийн шийдвэрийг харсан л даа “Допинг хэрэглэсэн гэдгийг тогтоолоо” гэж байгаа юм. Намайг хэрэглэсэн гэдгийг яаж тогтоосон юм. Одоо би өөрөө яаж миний биед допинг орсон байж болох уу гээд хайгаад сууж байна.

-Таныг шүтэн биширч, дэмжиж байдаг монголын ард түмэн таныг дэвжээндээ гарч барилдаасай, олон сайхан уран барилдаан хийгээсэй гэж хүсэж байгаа байх. Та ч гэсэн магадгүй энэ утгаараа бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж яваа юу?

-Би багаасаа л аливаа зүйлд тууштай байсан. Бага наснаасаа л бөх болохыг мөрөөдсөн. Одоогоор бэлтгэл сургуулилтаа хийгээд явж л байгаа. Бэлтгэл гэснээс намар би нэг экстрим спортоор хичээллэж байгаад гараа хугалчихсан. Одоо сайн эдгээгүй л байна л даа.

Монгол Улсын арслан М.Бадарч

-Уучлаарай. Тэр үед таныг бас сэтгэлзүйн дарамттай хэцүү байсан учир асуудал гаргасан гэдэг мэдээлэл явж байсан. Тухайн үеийн талаар та ярих боломжтой болов уу?

-Тэр үед зүгээр л сонирхлоороо уул хадаар явж үзмээр санагдаад байсан юм. Техникийн хүчийг сорьж явж байгаад л санамсаргүй осолдсон.

-Тухайн үед ослын талаарх зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж олны анхаарлыг нэлээдгүй татсан шүү дээ.

-Осолдсон машин маань уулын зориулалттай буюу бэхэлгээ хамгаалалттай спорт машин биш байсан бол би одоо энд ингээд ярьж суухгүй байсан байх. Тэр үед би ууланд эхний тав, зургаан эргэлтэй амжилттай хийсэн юм. Тэр байдлаар явж байгаад сүүлдээ спорт машин гэдэг чинь өөрөө шидэгдэж эргээд байдаг болчихдог юм байна лээ. Тэгээд нэг эргэлтээ хийж байх үед миний суудлын бүс тасарч жолооны хүрдтэй тал руугаа шидэгдэж осолдсон.

-Энэ хоббигоороо ямар нэг уралдаан тэмцээнд оролцох төлөвлөгөө байгаа юу?

-Би 30, 40 хүрээд  барилдахаа болино шүү дээ. Тэр үед ээ энэ спортоор явна гэсэн бодолтой байдаг юм.

-Эргээд допингийн асуудал гэдэг зүйлийг ярья. Ер нь та бүхнийг бэлтгэл сургуулилт хийх явцад зөвлөгөө, мэдээлэл өгөх эмч нар ажилладаг болов уу?

-Спорт хороонд л байгаа.

-Ер нь тамирчдад энэ талын мэдлэгийг хэр өгдөг вэ. Хариуцсан эмч нар нь энэ тал дээр ажилладаг болов уу?

-Спортын хороонд бол Энхжаргал гэж эмч байгаа. Үндэсний бөхөд тиймэрхүү зүйл байдаггүй.

-Танаас яагаад допинг илэрсэн гэж боддог вэ?

-Энэ асуудал дээр би ярих ёстой байх. Арбитрын шүүх энэ асуудлыг мөрдөн шалгаж тогтоох ёстой шүү дээ. Гэтэл би өөрөө хаанаас юу орсон байх боломжтой бол гэж өдөр бүр толгойгоо гашилгаж байна шүү дээ.

-Ямар нэг хардлага байдаг уу танд?

-Хардаад байх ч юу байх вэ дээ. Харин миний ойр дотнын хүмүүс намайг хорлоно гэж байхгүй гэдэгт итгэдэг.

-Гэтэл танаас допинг илэрсэн гээд байна шүү дээ?

-Өөрөө бараг мөрдөж, бодоод байгаа ч гаргалгаа байхгүй байгаа. Надад одоогоор арбитрын шүүхээс долоо хоногийн дотор хариу хэл гээд тулгачихсан байгаа шүү дээ. Гэвч надад хардсан хүн алга.

-Таны асуудлыг хэлэлцэх шүүх хурлын үеэр тавын даваанд намайг бууж өгвөл 800 сая төгрөг өгье гэж амласан гэх асуудлыг ярьсан шүү дээ. Үүнийг жаахан тодруулж яриач?

-Би тухайн үед хүний нэр хэлээгүй шүү дээ. Сая болсон шүүх дээр би хардаж буй өнцгөө хэлсэн. Шүүхийн дараа манай спортынхон бөхийн салбарыг харлууллаа гэх юм ярьж байна лээ.

-Танд хардах эрх байгаа биз дээ?

-Байгаа шүү дээ. Хардах эрхийнхээ хүрээнд л ярьсан.

-Цахим сүлжээнд таныг “тавын даваанд буугаад өгчих” гэж тавын даваанд амласан бөхийг Баянмөнх гэдэг бөх байж болзошгүй. Ховдын нутгийн дэвжээний бөх байж болзошгүй гэдэг хардлага яваад байна. Та энд асуултад шууд хариулт өгч чадах уу?

-Би нэрийг нь хэлмээргүй байна. Бас аймаг, сум дэвжээг нь хэлмээргүй байна. Барилдах бөх маань гэж хэлээгүй шүү дээ. Ам авахаар өмнө болсон зүйл ч байж болно шүү дээ.

-Барилдах эрхээ дөрвөн жилээр хасуулсан таны хувьд энэ хугацааны дараа барилдах итгэл үнэмшил, хүч чадалтай байх болов уу?

-Би үндэсний бөхийн спортод үнэхээр дуртай, хайртай. Тиймээс мэдээж бэлтгэл сургуулилтаа хаяхгүй. Харин дөрвийн дөрвөн жил барилдахгүй байж байгаад дэвжээнд гараад барилдана гэдэг итгэл үнэмшил үнэндээ төрөхгүй байна.

-Тэгэхээр допинг гэдэг асуудлын дор таныг энэ спортоос бүр мөсөн явууллаа гэж ойлгож болох уу?

-Үндэсний баяр наадмаар шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Тэрийг мэдсээр байж энэ төрлийн бодисыг хэрэглэж, нэр хүнд, нутаг усаа доромжлуулах хүн хаана ч байхгүй. Өмнө нь Э.Оюунболд аваргаас допинг илрэхэд цахим сүлжээнд хүн болгон асар муухайгаар доромжилж, нэр төрийг нь гутааж байсныг бүгд мэдэж байгаа шүү дээ. Би тэр хүнийг асар их сэтгэл зүйн хаттай хүн байна гэж хүндэлж явдаг. Түүнээс өөр хүн байсан бол тэр их дайралтыг давж гарахгүй байсан байх. Э.Оюунболд бол үнэхээр уран барилдаантай, мундаг бөх шүү дээ.  

-Танаас допинг илэрлээ гэх мэдээлэл гарсны дараа хүмүүсийн харилцаа ямар байсан бол?

-Монголын ард түмэн үнэндээ надад тийм муухай хандаагүй. Би түүнд нь маш их баярладаг юм.

-Таны сэтгэл зүй хэр гэмтсэн бэ?

-Би ер нь сэтгэл зүй өндөртэй хүн. Би дээрээ таван ахтай, доороо нэг эрэгтэй дүүтэй хүн. Энэ ч утгаараа сэтгэл зүй өндөртэй гэж боддог. Надаас илүү ар гэр, ах дүү гээд ойр дотнынхонд маань л маш хэцүү байдаг юм байна. Миний хувьд допинг хэрэглээгүй болохоор даваад гарна л гэж боддог. Гэхдээ өөрөө ч мэдэхгүй байхад допинг хэрэглэсэн гэдэг зүйл гараад ирэхээр үнэндээ тэнгэр хол, газар хатуу болдог юм байна. Гэсэн ч ард түмэн ч надад итгэж байгаа нь үнэхээр том дэмжлэг болж байна.   

-Үндэсний их баяр наадмын дараа танаас допинг илэрлээ гэх мэдээллийн дараа зарим хүмүүс “М.Бадарч баяр наадмын бай шагналыг авахын тулд допинг санаатай хэрэглэсэн” гэх зэргээр шүүмжилж байсан. Таны хувьд үнэхээр тэрхүү бай шагналын төлөө өөрийн болон эцэг эх, нутаг усныхаа нэр төрийг түүгээр худалдах хүн мөн үү ?

-Би чинь эцэг, эхийнхээ буянд хангалуун амьдарч байгаа хүн шүү дээ. Манайх Архангайд 2000 ямаатай, 2000 сарлагтай, мянгат айл байсан. Би малчин айлд хүн болж, өссөн болохоор надад шунал, атгаг зан байдаггүй. Өнгөрсөн жил наадамд түрүүлэх үед би өөрийн гэсэн амьдралаа босгож, орон байртай болсон байсан. Ийм байхад би юунд шунах юм бэ. Тэгээд эд хөрөнгө, хэсэгхэн хугацааны нэр алдрын төлөө допинг хэрэглэнэ гэж байхгүй шүү дээ.

-Наадмын барилдааны үеэр танд өвдөг шороодсон бөхчүүд танд ямар нэгэн зүйл хэлж байсан болов уу. Танд ямар нэгэн онцгүй хандлага гаргаж байсан болов уу?

-Баяр наадмаар намайг барилдах үеэр үнэхээр хүчтэй, амласан бөхчүүдээ шуурхай унагаад байсан гэдэг зүйлийг хэлж, бичсэн харагдсан. Яг үнэндээ хурдан барилдах нь миний барилдааны онцлог. Би золгоо бөхтэйгөө зууралдаад байдаггүй. Аль болох хурдан барилдаад явдаг.

-Танд допингийн асуудал дээр нэмж хэлэх зүйл байгаа болов уу?

-Би гаднын улсын лабораторит бүрэн итгэдэггүй. Тиймээс шинжилгээ өгсөн шээсээ өөрийнх эсэхийг шалгуулах, мөн цусаар шинжилгээ өгөх хүсэлтийг гаргасан. Хууль зүй, дотоод хэргийн яам, Баяр наадмыг зохион байгуулах комиссоос энэ дагуу шинжилгээ өгөх боломжтой гэсэн ч БНСУ-д очиход байдал газар дээрээ өөр байсан. Би шээсээ өөрийн эсэхийг шалгуулж, цусаараа шинжилгээ өгч чадаагүй. Магадгүй гаднын улс орон монголчуудын өв уламжлалыг бөхөөх оролдлого явж байхыг үгүйсгэхгүй гэх хардлага хүртэл төрөх болсон. Тиймээс өөсрдөө дотооддоо допингийн шинжилгээгээ өгдөг болох хэрэгтэй гэж боддог.




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө