Д.Оюунхорол, Д.Сарангэрэл нар МАН-ын жагсаалтад орж УИХ-ын сонгуульд оролцохоор хүсэлтээ өгчээ

Д.Оюунхорол, Д.Сарангэрэл нар МАН-ын жагсаалтад орж УИХ-ын сонгуульд оролцохоор хүсэлтээ өгчээ

2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 26-ны Лхагва гарагт зохион байгуулна. Энэ жилийн сонгуулийг холимог системээр бүсчилсэн том тойрогт явуулахаараа онцлогтой.

Тодруулбал, УИХ-ын 78 гишүүн олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгоно гэж сонгуулийн хуулинд заасан. Тогтоолын төсөлд сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тусгасан юм. Энэ жилийн сонгуулиар эмэгтэйчүүдийн квот 30 хувь байна. Жагсаалтаар нэр дэвшигчдийг бичихдээ 1:1 гэх харьцаагаар бичих бөгөөд энэ нь УИХ-д 24 эмэгтэй нэр дэвшигч орж ирэх бололцоо бүрдэж байгаа юм. Жишээ нь МАН жагсаалтаас 16 суудал авлаа гэхэд 8 нь эмэгтэй байх юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол нар жагсаалтад нэрээ бичүүлэхээр хөөцөлдөж байгаа аж. Д.Сарангэрэлийн хувьд Хан-Уул дүүргээс гурван удаа УИХ-д сонгогдсон Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд зэрэг албан тушаалыг хашиж байсан. Харин Д.Оюунхорол нь УИХ-д дөрвөн удаа сонгогдсон.  Мөн  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар хоёр удаа ажиллаж, 2020 оны сонгуульд нэр дэвшилгүй Ерөнхий сайд Хүрэлсүхийн зөвлөхөөр ажилласан байдаг. Хамгийн сүүлд 2021 оны 8 сарын 18-нд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт асуудал хариуцсан захиргааны дарга, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байгаад өнгөрсөн нэгдүгээр сард ажлаа хүлээлгэн өгсөн юмэ.