Оюутны спортын наадам энэ жил арван төрлөөр явагдаж, хоёр мянга гаруй тамирчид оролцоно гэв

Оюутны спортын наадам энэ жил арван төрлөөр явагдаж, хоёр мянга гаруй тамирчид оролцоно гэв

Монголын оюутны спортын VI наадам болох гэж буй талаар Монголын оюутны спортын холбоо, наадмын зохион байгуулах хороо болон их дээд сургуулийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох бөгөөд нийт 34 их дээд сургуулийн 2400 гаруй оюутан, тамирчид спортын арван төрлөөр өрсөлдөнө гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ. Мөн энэхүү наадмын жүдо, сагсан бөмбөгийн төрлүүдэд үндэсний шигшээ багийн тамирчдын 70 гаруй хувь оролцоно гэсэн судалгаа гарчээ. Наадмын бэлгэдлээр зөвхөн Монгол Улсад байдаг "Мазаалай" баавгайг сонгосон нь спортын наадмаар дамжуулж мазаалайг хайрлаж хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэхэд нийгмийн анхаарлыг хандуулж байгаа аж.

Наадам волейбол, гандбол, жүдо, сагсан бөмбөг 5х5, таеквондо, футзал, чирлидинг, чөлөөт бөх, шатар, ширээний теннисний 10 спортын төрлөөр явагдана. Наадмын шигшээ тэмцээнүүд явагдах хуваариуд батлагдсан ба спортын 10 заал, танхим, спортын ордон явагдахаар гэрээ хийгдэн, спортын тэмцээнийг явуулах 10 спортын холбоодтой гэрээ байгуулан ажиллаж, наадмын нэгдсэн болон төрөл тус бүрийн техникийн зөвлөгөөнүүд явагдаж эхлэн, багийн сугалаа хийгдэн, тоглолтын хуваариуд гарсан байгаа.