3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн асуудал нэг хэсэг олны анхаарлыг татаж, спорт сонирхогчид, дэмжигчдийнх нь урмыг хугалж, сэтгэлийг гонсойлгосон билээ. Ингэж чөлөөлөхдөө түүнд урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт чөлөөлсөн байдаг. Тэгвэл "ШУГАМ" нэвтрүүлгийнхээ 15 дахь дугаарт Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Тулгыг урьж, түүнийг дасгалжуулагчийн ажлаас нь чөлөөлсөн талаар болон Хятад улсаас багшлах урилга авсан талаар нь ярилцлаа.
ВИДЕО:
-Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг түүхэн амжилт үзүүлж, Азийн аваргаас хос медаль хүртлээ. Нөгөө талаар сэтгүүлч хүний хувьд их гунигтай санагдаж байлаа. Учир нь Монгол Улсын ерөнхийлөгч 3х3 шигшээ багийн тамирчдыг хүлээж авч уулзсан. Энд MCS-ийн гүйцэтгэх захирал асан буюу Монголын сагсан бөмбөгийн холбооны тэргүүн гээд байгаа нэг хүн явж байна. Зүй ёсоороо бол та тэнд байх ёстой. Монголын 3х3 сагсан бөмбөгийн өнөөдрийн энэ хөгжил тантай салшгүй холбоотой. Гэтэл яагаад энэ уулзалтанд өөрийг чинь оруулсангүй вэ? Монголын баг Сингапурт Азийн аваргын төлөө тоглож байхад нууцаар оччихсон багаа хурцлаад орилоод сууж байсан юм биш биз?
-Үнэн юм гэж байх хэрэгтэй. Мянга мянган залуус, ирээдүй хойч үе маань хүсэл мөрөөдөлтэй байх ёстой. Миний хувьд алдаад байх зүйл байхгүй. Өдийг хүртэл үнэн зөвөөрөө л явсан. Үнэхээр их харамсалтай л санагдаж байгаа. Анх Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбоодыг нэгдэлтэй болго гээд бидэнд санал тавьж нэгтгээд жил гаруй болсон. Миний хувьд алдаа байгаа. Гэхдээ энэ сагсан бөмбөгийг хөгжүүлэх гэж маш их хүчин чармайлт гаргасан. 2005 оны үед 5х5 сагсан бөмбөгийг Монголын номер нэг спортын төрөл болгож, багийн спортоор дэлхийд амжилт гаргана гэхэд бүгдээрээ л галзуу солиотой л гэдэг байсан.
-5х5 болон 3х3 сагсан бөмбөгийн үзүүлж байгаа амжилт харьцуулшгүй байгаа. Манай 3х3-ийн тамирчид дэлхийд гарчихлаа шүү дээ. Дэлхийд гаргасан дасгалжуулагч нь та. Гэтэл ерөнхийлөгчийн уулзалтанд таныг яагаад урьсангүй вэ. Энэ тамирчдыг бэлтгэж байсан хүн нь та мөн биз дээ?
-Өөр багш юм уу өөр энэ хүүхдүүдийг бэлдсэн гэх хүн гараад ирвэл болно шүү дээ. Саяны хүрэл медаль авсан охидууддаа би эхнэртэй ч гаргаж үзээгүй заваа сүүлийн 7, 8 жилийн турш гаргасан.
Гэр бүл өөрийн гурван охиндоо ч гаргаж үзээгүй заваа сагсан бөмбөгийн тамирчин охидууддаа зарцуулсан. 5х5-ийн спорт дөрвөн уулынхаа дунд сайхан хөгжиж байна шүү дээ. Гэхдээ 3х3-аар бол байхгүй зүйлийг байлгаж, боломжгүй зүйлийг боломжтой болгосон. Ази хүний нүүр царайг дэлхийд гаргах гэж яаж зовсныг хүмүүс бүгдээрээ мэдэж байгаа. Гэтэл тэр бүх амжилтыг булааж дээрэмдсэн.
-Уг нь та Монголын 3х3-ийг дэлхийд гаргасан. Гэтэл таны гавьяаг MCS-ийн захирал асан гэх хүн хүртээд байна. Өнгөрсөн жилийн "Ханжоу" наадамд Монголын тамирчид эмэгтэй мөнгө, эрэгтэй хүрэл медаль авсан. Энэ сагсан бөмбөгийн гэр бүлээс чинь тэр MCS гэдэг компани таныг гаргачихсан шүү дээ. Гэтэл Ханжоу наадам дээр таныг нууцаар багаа дасгалжуулаад явж байсан гэсэн. Тэр үнэн үү?
-Өнгөрсөн жил л намайг зайлуулах гээд байсан юм шиг байна лээ. Сингапурын Азийн аваргад гуравхан хоногийн бэлтгэлтэй байсан ч аварга болсон. Одоо бол Стив гээд нэг гадаад нөхрийг авчихаад бид алж байна л гээд байгаа. Уг нь бэлэн болчихсон бүтээгдэхүүн байхгүй юу. Тэр үед Азийн аварга болоод ирэхэд манай сагсны хүүхдүүдэд 100 төгрөг ч өгөөгүй.
-Мөн Ханжоу наадмаас эмэгтэй мөнгө, эрэгтэй хүрэл медаль авахад нууцаар очоод дасгалжуулж байсан нь үнэн үү?
-2010 онд Ханжоуд явж байхдаа багийн спортоор медаль авах зорилго тавьсан. Гэтэл энэ жил намайг дасгалжуулагчаас болиулаад явж чадддаггүй. Ядаж хөлөө хугалаад хадуулчихсан байсан юм. Тэр үед Тэнгэр телевизийн сэтгүүлч залуу “Монголын сагсан бөмбөгийн холбоо ингэж болохгүй. Та надад их тус болж байсан” гээд надад телевизийнхээ сэтгүүлчийн мандатыг өгөөд тэгээд би явсан. Хүүхдүүд маань ч маш сайн амжилт үзүүлж медаль хүртсэн. Анх энэ хүүхдүүдийн төлөө хэн ч хөрөнгө оруулалт хийгээгүй. Сүүлд MCS зарим хүүхдүүдэд хөрөнгө оруулалт хийсэн. Би бол юугаар ч хамаагүй сагсан бөмбөгийг хөгжүүлье гэж сэтгэл зүрхээрээ л явсан.
-3х3-ийн сагсан бөмбөг мөнгөгүй, нэр хүндгүй байхад та 2004-2023 оны хугацаанд Монголын сагсан бөмбөгийг дэлхийд гаргасан. Үүнтэй хэн ч маргахгүй байх. Гэтэл одоо нэр хүндтэй болж, дэлхийд тамирчид гараад эхэлсэн чинь нөгөө мөнгөтэй, эрх мэдэлтэй компани таны амжилтыг өөрийн болгох гээд байна. Энэ үйл явдал хэзээнээс эхэлсэн бэ? Яг юу болж яваад Монголын сагсан бөмбөг MCS-ийн охин компанид орчихсон юм бэ?
-Монголын сагсан бөмбөг өрсөлдөөний хүчинд өдийг хүрсэн. М.Батцэнгэл захирлын хувьд сэтгэл зүрх гаргасан. Гэхдээ мөнгөөр бүхнийг шийдэж болдоггүйг харуулж байна.
Анх сагсан бөмбөгийн холбоод хуваагдалтай байхад одоогийн Ерөнхийлөгч өрөөндөө бүх талыг дуудаад эв нэгдлийг сахь гэдэг зүйлийг хэлсэн. Тэр үед олон газар авах гэж үзэж байхад MCS-ийг сонгож, удирдлага дор нь ирсэн.
2004 онд Монголд лиг ч байхгүй байхад хэн ч сагсан бөмбөгийг тоодоггүй байлаа. Гэтэл одоо хөгжөөд ирэнгүүт Монголын мөнгө төгрөгтэй олон хүмүүс авах гэж үзэж байна. Би хүүхэд байхаасаа буруу зөрүү зүйл олон хийж, олон ч зүйл үзсэн. Гэтэл сагсан бөмбөгийн багийнхаа шигшээгээс хөөгдсөн шиг том шоконд орно гэж төсөөлж ч байгаагүй. Одоог хүртэл шоктой байгаа. Арай ч ингэнэ гэж бодоогүй. Эргээд намайг аваасай гэж бодож байгаа. Сагсны хүүхдүүд маань намайг гээд юм бичдэг л юм. Гэхдээ намайг гээд явбал тэр хүүхдүүдийн кареер нь дуусна. Багшийгаа нэг хэлэх юм бол хохино шүү гэдэг. Хэрвээ хэлмэгдүүлэлтийн үе байсан бол намайг буудчих гээд л байгаа байхгүй юу. Би гэмтэй байсан бол тэрийгээ хүлээе гээд хэлээд байгаа. Гол нь надад ямар нэгэн но байхгүй.
-2023 оны наймдугаар сарын 25-ны өдөр та өөрийнхөө фейсбүүк хаягт дасгалжуулагчаасаа хөөгдсөн талаарх постыг анх хийсэн. Тэгэхэд Азийн аваргад түрүүлчхээд дэлхийн аваргад очиход тийм зүйл болсон шүү дээ. Тэр мэдэгдлийг анх хэзээ мэдсэн бэ. Энэ асуудал яг юунаас болсон юм. Үнэхээр мөнгө санхүүгийн асуудал байсан юм уу?
-Тавдугаар сард Сингапурт Азийн аварга болоод дэлхийн аварга болох зорилготой Сербид буусан чинь Стив гээд гадаад нөхөр М.Батцэнгэл намайг дасгалжуулагчаар тавьсан гэсэн. Гэхдээ жилийн өмнө бас намайг халах оролдлого явсан юм байна лээ. Жилийн өмнө Азийн аварга дээр Стив дасгалжуулагч хийгээд хожигдуулсан юм. Одоо Стив юм хийгээд байна л гэх юм. Стив Канадын сагсан бөмбөгт юм хийж чадаагүй хүн Монголд юу хийж чадах юм. Хэрвээ намайг дасгалжуулагчаас хассанаа хэлсэн бол би заавал Серби руу явж муугаа үзүүлэхгүй байсан. Сагсан бөмбөгийг өөрчлөхөд маш олон хүн туалсан. Анх би байраа зараад, машинаа барьцаанд тавиад 3х3 холбоо байгуулж байсан. Ер нь улс төрийн юм ч орж ирсэн байх. Том бүлэглэлийн хохирогч болсон гэж харж байгаа. 2012 онд 21 аймаг даяар “Мөрөөдлийн баг” гээд тэмцээн зохион байгуулахад 500 гаруй тамирчин оролцож байсан. Тэгэхэд намайг Сү.Батболдын хүн л гээд байсан. Дараа нь С.Эрдэнэ гишүүн гарч ирсэн. Яалт ч үгүй амьдралынхаа эрхээр тэр хүнтэй холбогдсон. Тэрнээс хойш намайг АН-ынх гэсэн. Намайг ямар шалтгаанаар хассанаа тайлбарла гэхээр одоог хүртэл хэлдэггүй.
-Би Монголын сэтгүүл зүйгээс холдож чадахгүй шиг та ч бас сагсан бөмбөгөөс холдож чадахгүй байх. Таныг сагсан бөмбөгийн секц хичээллүүлж байна гэж сонсогдож байсан. Мөн БНХАУ-аас манай 3х3 багийг дасгалжуулж өгөөч гэсэн санал ирсэн гэсэн. Тэр талаар ярьж өгөөч?
-Одоо зургаадугаар сарын 15-нд Хятадын про лиг эхэлнэ. Тэнд Монголын тамичрид гарна. Монголын бизнес эрхлэгч залуус хүртэл над руу ярьж байна. Би одоогоор Мон алтиусын ажилчдын байранд л амьдардаг. Монгол зарим бизнес хийдэг залуус надад "байр аваад өгье. Та битгий яв" гэдэг зүйлийг хэлсэн. Би ч хараахан шийдээгүй л байгаа. Цаг хугацаа л харуулах байх. Сүмогоор монголын бөхчүүд мөнгө их олдог шиг 3х3-аар монголын тамирчид мөнгө олох нь цаг хугацааны л асуудал болоод байгаа. Миний ард ч амьдрал явж байгаа. 3 охиноо бодвол явчихмаар л байдаг.
-Ярилцсанд баярлалаа.