Хуульч Ч.Өнөрбаяртай ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд хүүхэд, залуус хар тамхины хэргээр шалгагдаж, ял шийтгэл авах болсон. Энэ асуудал дээр төрийн бодлого ямар байх ёстой вэ?
-Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэгчдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж байгаа. Тэдний 80 гаруй хувь нь 16-35 насны залуучууд байна. Энэ чиглэлээр хийгдсэн олон судалгааны тайлан олж уншлаа. Хар тамхи, мансууруулах бодис борлуулдаг гэмт этгээдүүд орлогынхоо багагүй хэсгийг шинэ зах зээл бий болгоход зориулдаг юм байна. Тэд эхний үед борлуулах биш харин хэрэглэгч нарыг бий болгохын тулд үнэ төлбөргүй эсхүл хямд үнээр хүүхэд, залуусыг дасал болгож, тэднийг хар тамхи байнгын хэрэглэгч болгодог гэсэн судалгаа байна. Мэдээж хэрэг хүүхэд, залуучууд сониуч байдаг. Басхүү алдах, онох насан дээрээ яваа болохоор нэг мэдэх нь ээ шоронгийн хаалга татах магадлал өндөр байна л даа. Тиймээс хүүхэд, залуусыг хар тамхинд оруулаад байгаа, мөн тэр зах зээлийг бий болгож байгаа худалдан борлуулагч, гаднаас нийлүүлэгчдийг, тэндээс ашиг хүртэж байгаа хүмүүсийг илрүүлж хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой.
-Олон улсад ийм төрлийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцдэг вэ. Хар тамхи зарж борлуулдаг хүмүүс нь өөрсдөө үндсэн хэрэглэгч байдаг юм биш үү?
-Хар тамхи зарж борлуулж, тэндээсээ их хэмжээний мөнгө олдог, улмаар хүүхэд, залуусыг уруу татаж байгаа этгээдүүд үнэн хэрэгтээ өөрсдөө хар тамхи хэрэглэдэггүй. Бүр өөрсдийн хүүхдийг тийшээ орчих вий гэж үргэлж санаа нь зовж байдаг нь нууц биш. Нэг жишээ хэлье. Колумбын зартай хар тамхины наймаачин Павло Эскобар хүүгээ хар тамхи татсаныг мэдээд хүүдээ зориулж зургаан нүүр урт захиа бичсэн байдаг. Агуулга нь хар тамхины хор хөнөөл, түүнээс л хол явах тухай эцгийн захиас. Бүр хүүгээ үг авахгүй болохоор нь гэрийн хорионд хүртэл хийж байсан түүх бий. Хар тамхийг зарж борлуулж, тэр зах зээлийг бий болгож байгаа этгээдүүдтэй тэмцэхгүйгээр бодит үр дүнд хүрэхгүй. Энэ аюул занал та бидний үр хүүхдүүдийн ирээдүйг хэзээ нэгэн цагт залгиж магадгүй. Төр энэ чиглэл рүү анхаарал хандуулж, бодлогоо шинэчлэх цаг болсон. Түүнээс хэрэглэсэн хүүхэд, залуусыг шийтгэлээ гээд хар тамхи гэх цагаан тахлын уг үндэс арилахгүй. Ер нь өөрсдийн хүүхдийн ирээдүйг хайрлаж, бусдын хүүхдийг золигт гаргадаг тийм ёс зүй байж таарахгүй биз дээ. Тиймээс бид энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогодоо шинэчлэл хийх цаг болсон. Ер нь ийм төрлийн гэмт хэргийг үр дүнтэй бууруулж чадсан улс орнуудын туршлагыг харахад хар тамхийг нийлүүлж, худалдан борлуулж тэндээс онц их хэмжээний ашиг олж байгаа гэмт бүлэглэлтэй хуулийн байгууллагууд нь илүүтэй хүч хаяж тэмцдэг юм билээ.
-Нийгэмд ихэвчлэн чинээлэг айлын хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг гэх ойлголт байдаг...
-Дан ганц хөрөнгөтэй, чинээтэй айлын хүүхдүүд хар тамхи хэрэглээд байна гэх ойлголт учир дутагдалтай санагдсан. Хэд хэдэн криминологийн судалгааны тайлан судалж үзэхэд хар тамхи, мансууруулах бодис хэрэглээд баригдаж байгаа хүмүүсийн амьдралын бололцоо, санхүүгийн байдал нь янз бүр байдаг юм байна. Ажилтай, ажилгүй боловсролтой, боловсролгүй гээд хэн ч холбогдож болж байна. Бүр 13 настай хүүхэд хүртэл холбогдсон тохиолдол гарч байсан.
-Хар тамхины аюул биднээс хол гээд төсөөлөөд явж байтал гэнэт хүүхэд нь, хамаатан садан нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоход эцэг эхчүүд хэрхэн хүлээж авдаг юм бол?
-Зөвхөн хар тамхи ч биш сүүлийн жилүүдэд цахим орчинг ашиглан үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийн дийлэнх хохирогч нь насанд хүрээгүй хүүхэд, өсвөр насны залуучууд байгаа нь харамсалтай. Жишээ нь, “М” гэгч этгээд зарын болон мэдээллийн вэб сайт ашиглан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байсныг Цагдаагийн байгууллага илрүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан. Мөн хуурамч фэйсбүүк хаяг ашиглан бага насын охидтой дотно харьцаа тогтоож, эцэг эхээс нь далдуур хувцастай болон нүцгэн зургийг нь цуглуулж охидыг сэтгэл санааны дарамтад оруулж байсан этгээдийг Цагдаагийн алба хаагч нар илрүүлэн шалгаж байсныг санаж байна. Бас миний санаж байгаагаар “Х” гэгч нь хуурамч фэйсбүүк хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой танилцаж, нүцгэн зургийг авч цуглуулдаг, зургийг нь ашиглан дарамталж бэлгийн харьцаанд ордог, мөнгө авч байсныг хуулийн байгууллагууд тогтоосон байсан. Гэхдээ илэрсэн гэмт хэрэг гэдэг мөсөн уултай зүйрлэвэл ердөө оройн хэсэг л юм. Мөсөн уулын арван хувь нь ил харагддаг, 90 хувь нь усан доор байдаг. Тиймээс цахим орчинг ашиглан хүүхэд залуучуудыг гэмт хэргийн хохирогч болгодог энэ байдалд бид онцгой анхаарал хандуулах цаг нь болсон гэж боддог. "Ниргэсэн хойно нь хашгирав" гэгч байж таарахгүй. Магадгүй таны хүүхэд хэн нэгэнд уруу татагдаад явж байж болзошгүй. Бага дээр нь асуудлыг шийдэхгүй байсаар ял шийтгэл авах дээрээ тулахад эцэг эхчүүд “ингэх гээд байсан юм аа” гээд уйлалддаг.
Б.НОМИН -ЭРДЭНЭ
Эх сурвалж: Өдрийн сонин