Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдлаа. Энэхүү хуралдаан 57,9 хувийн ирцтэй эхэлж үндсэн гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй гурван гишүүний өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм.
Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар ажлын багийн ахлагч Х.Нямбаатар танилцуулав. Ажлын баг төслийн талаар зарчмын зөрүүтэй 94, төслийн үг хэллэг, нэр томьёо, дугаарлалтыг жигдэлсэн 5 багц найруулгын санал бэлтгэсэн гэж байлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, М.Энхболд нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүд сонгуулийн сурталчилгааны хугацааг багасгахыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ сонгуульд нэр дэвшигч төрийн албанаас чөлөөлөгдөх хугацаа, хандивын талаар илүүтэй лавлаж, ухуулагчийн тоог багасгах талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Энэ талаар Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн “Хуулийн төсөлд: нэр дэвшигч нь тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэж тусгасныг наймдугаар сарын 1-ээс гэж өөрчлөхөөр болсон. Мөн хуулийн төсөлд сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 хоног болгосон” гэж тайлбарласан юм.
Харин ажлын багийн ахлагч Х.Нямбаатар Сонгуулийн өмнөх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, дараах өдрөөс сэргээнэ гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 15-наас зогсоож 10 дугаар сарын 15-наас нээх аж.
Н.АНУ