Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд өнгөрсөн аравдугаар сараас сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн. Уг түлшийг түлж эхэлсэн даруйгаас олноороо угаартах зарим нь амиа алдах харамсалтай үйл явдлууд одоог хүртэл тасралтгүй гарч байна. Өнөөдрийн байдлаар угаарын хийд амиа алдсан иргэний тоо 12 хүрч /хэвлэлд мэдэгдсэн тоо/ нийт 1000 гаруй хүн хордсон гэх тоон мэдээлэл байна.
Хэрвээ албан тушаалтнууд угаарын хийн асуудалд илүү хариуцлагатай хандсан бол нас барж, хордсон иргэдийн тоо дээрхээс бага байж болох байлаа.
Тодруулбал, иргэд угаарын хийд хордож эхэлсэн даруйд буюу аль аравдугаар сарын 9-нд гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгчийг үнэ төлбөргүй суурилуулах Засгийн газрын шийдвэр гаргасан. Ингээд угаар мэдрэгч тараах ажлыг арваннэгдүгээр сарын 1-ээс өмнө судалж даруйхан хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон Хотын дарга С.Амарсайхан нарт даалгасан байдаг.
Засгийн газраас үүрэг, даалгавар өгч шийдвэр гаргасан байхад доорх албан тушаалтнууд нь хоёр сарын хугацаа алдаж буюу 12 сарын 3-нд угаар мэдрэгч худалдан авах гэрээг байгуулсан ноцтой баримтыг бид хүргэж байна.
Тодруулбал, 12 дугаар сарын 3-ны өдөр Байгаль орчны яам болон Нийслэлийн засаг даргын тамгын газар угаарын хий мэдрэгчийг нийт гурван тэрбум таван зуун хорин таван сая зургаан зургаан зуун мянган төгрөгөөр худалдан авах гурван хуудас бүхий гэрээг байгуулсан байна.
Гэтэл тэдний алдсан хоёр сарын хугацаанд маш олон хүн угаартаж амь насаа алдсаар байсан. Харин мэргэжилтнүүд БНХАУ-аас бүтээгдэхүүнээ авахаар захиалгаа өгсөн гэх тайлбараар ам таглаж ирсэн билээ. Бүтэн дөрвөн сар өнгөрсөн байхад ч тэд хэзээ угаар мэдрэгчийг тараах эсэх нь тодорхойгүй иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн байв. Эцэст нь, аль аравдугаар сард гарсан Засгийн газрын шийдвэр саяхан буюу энэ сарын 8-ны өдрөөс /2020.1.08/ айл өрхүүдэд хэсэгчлэн тараагдаж байна.
Хамгийн сүүлд буюу энэ сарын 15-16-нд шилжих шөнө нэг гэр бүлийн хос угаартаж нөхөр нь нас барсан харамсалтай хэрэг гарсан. Гэтэл тус айл угаар мэдрэгчийг аваагүй байсан гэж ар гэрийнхэн нь мэдэгдсэн билээ. Хэрвээ У.Хүрэлсүхийн Засгийн газрын захирамж хугацаандаа хэрэгжиж, С.Амарсайханы ажилчид угаар мэдрэгчийг хугацаа алдаж удаалгүйгээр хоёр сарын өмнө тараасан бол дээрх залуу хосоос гадна олон хүн амиа алдахгүй байв.
Гэтэл хүний амь настай холбоотой хариуцлагатай ажлыг Хотын дарга С.Амарсайханы нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Байгаль орчны сайд Н.Цэрэнбат нар цалгардуулж аравдугаар сард захиалах байсан угаарын хий мэдрэгчийг хоёр сарын дараа захиалсан нь доорх гэрээнээс харагдаж байна.
Хотын дарга С.Амарсайхан угаарын хий мэдрэгчийг захиалах ажлыг шуурхай хийгээгүй хүмүүст хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Тэрбээр энэ асуудлаа өөрийн нэгдүгээр орлогчтойгоо ярих нь зөв болов.