УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог мандатыг хуваарилах асуудлыг хэлэлцэж эхлэж буйтай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардах бичиг хүргүүлсэн тухай хэвлэлийн хурлын үеэр мэдээллэв.
Хөдөө орон нутагт ноогдох тойрог мандатыг нэмэгдүүлж, нийслэлд ноогдох тойрог мандатыг бууруулах байдлаар асуудлыг шийдэх гэж байгаа нь хуульд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, Монгол улсын Үндсэн хууль, бусад холбогдох хуулийн хүрээнд иргэдэд ижил тэнцвэртэй төлөөллийн нөхцөл байдлыг бий болгох нь чухал. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын зөвлөл нийслэлийн мандатыг бууруулахгүй байх асуудал дээр онцгой анхаарч, дараа дараагийн сонгуульд үүнийг хатуу баримтлан ажиллана хэмээнУИХ-ын дарга Г.Зандашатарт санал хүргүүлсэн гэв. Тэрбээр хэлэхдээ: “Судалгаанаас харахад хөдөө орон нутагт байгаа нэг мандат 15,000 сонгогчийг төлөөлдөг бол нийслэлд 40,000 иргэнийг нэг мандат төлөөлж, тэнцвэрт байдлыг алдагдуулж байна. Тиймээс хөдөө орон нутагт ноогдох 48 мандатыг дотор шилжүүлэх замаар хэт цөөн мандаттай аймгуудын мандатыг нэмж асуудлыг шийдэх боломжтой” гэлээ.
Дараа ньУИХ-ын дарга Г.Зандашатарт шаардах бичиг хүргүүлж байгаа талаар мэдээллээ. Шаардах бичигт: “Монгол Улсын Их Хурал дахь МАН-ын зарим гишүүдийн хууль бус үйлдлүүдтэй холбогдуулан, тухайлбал Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан гишүүд, Төрийн ордонд хүний амь нас хохирсон гэмт хэрэгт шалгагдаж буй гишүүн, зарим гишүүдийн хөрөнгө орлого огцом өссөн талаар хуулийн байгууллагаас болон Төрийн бус байгууллагуудын төлөөллүүдээс хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгуулах, хариуцлага тооцуулахаар албан бичиг, шаардлагыг Улсын Их Хурал, Халдашгүй байдлын болон Ёс зүйн дэд хороодод удаа дараа ирүүлсэн.
Улсын Их Хурлын бүтцийн нэгж болох Халдашгүй байдлын дэд хороо, Ёс зүйн дэд хороод хуульд заасан чиг үүргээ умартаж, Улсын Их Хурлын гишүүдийг хаацайлах, хууль бус үйлдлийг нь хамгаалж, бусдад бурууг чихэх арга саам эрэлхийлэх замаар ёс төдий шийдвэр гаргаж байгаа явдал нь төрийн нэр хүндийг уландаа гишгэх, сонгогч иргэдийг үгүйсгэж, үл хүндэтгэж байгаа үйлдэл юм.
Улсын Их Хурлын дотоод үйл ажиллагаа, холбогдох байнгын болон дэд хороодоос гарч байгаа шийдвэрүүд асуудлыг шийдвэрлэхгүй, хуульд нийцэхгүй, хаацайлсан, хуулийг үгүйсгэсэн байдалтай байгааг анхааралдаа авч, хуулийн дагуу ажиллахыг шаардаж байна” гэжээ. Мөн цаашид Улсын Их Хурал болон холбогдох байнгын болон дэд хороод хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж, шударга ёс, хууль ёсыг хүндэтгэжхуулийн дагуу ажиллахыг шаарджээ.
Гуравт: 2012 онд анх санаачлаад, 2014 онд өргөн барьж, 2015 онд батлагдан, 2017 оны 1-р сараас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжих байсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг өнөөдрийн эрх баригчид УИХ-д олонхи болсон даруйдаа тус хуулийг хүчингүй болгосон талаар мэдээллээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: “Өнөөдөр иргэд сонгогчид, ялангуяа ахмадуудын зүгээс удаа дараа энэ асуудлын талаар санал тавьж, шаардаж байгаа учраас энэ удаа миний бие нөхдийн хамт Хамтын тэтгэвэрийн сангийн хуулийн төслийг дахин боловсруулж, нэмэлт өөрчлөлт хийн дахин өргөн барьж байна. Энэ хуулийг хэлэлцэж батлах нь аль нэг улс төрийн намын эрх ашиг гэхээсээ илүү Монголд өнөөдөр хийж бүтээх насаа улсдаа зориулан ажиллаж, ихийг хийж бүтээсэн 400 гаруй ахмадуудын албан ёсны нэн шаардлага юм. Бид энэ хуулийн хүрээнд иргэд сонгогчдоос албан ёсны санал хүсэлт хүлээн авах хэлэлцүүлгийг орон даяар хийж байгаа бөгөөд Засгийн газраас санал авсан даруйд УИХ-ын даргад өргөн барих болно” гэв.