УИХ-ын дэд дарга асан, АН-ын дэд дарга Г.Батхүү өнгөрсөн оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд зуурдаар таалал төгссөн. Түүнийг нас барснаас хойш ар гэрийнхэн нь өнөөдрийг хүртэл хэвлэлд мэдээлэл өгөөгүй.
Тэгвэл талийгаачийн ар гэрийнхэн болох хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг болон өмгөөлөгч н.Батхуяг нар мэдээлэл хийлээ.
-ТАЛИЙГААЧИЙН БАРУУН НҮД ХӨХӨРЧ, ХАВДСАНААС ГАДНА
ГЭМТЛЭЭС ҮҮСЭЛТЭЙ ЦУС ХАРВАЛТ ТАРХИНД БИЙ БОЛСОН БАЙСАН-
Хэвлэлийн хурлын эхэнд хуульч, өмгөөлөгч н.Батхуяг “Эл хэрэгт цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг нээн шалгаад найман сарын хугацаа өнгөрсөн. Гэтэл одоог хүртэл уг хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна. Өнгөрсөн хугацаанд хэргийн үйл явцын талаар янзын бүрийн мэдээлэл явсан. Тухайлбал, хэргийг шалгаж дуусгаад хаасан, нотлох баримтын хүрээнд гадны нөлөөгүй гэдэг тогтоогдсон гэсэн мэдээллүүд гарч байлаа. Харин сүүлийн үед уг хэргийг улс төржүүлэх нь ихэслээ. Тиймээс бид үнэн, зөв мэдээллийг хүргэх зорилгоор өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна. Шүүх эмчийн багийн бүрэлдэхүүний дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээс харвал анхаарал татсан хэд, хэдэн асуудал бий. Тухайлбал, талийгаачийн баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр хөхрөл, хавдалт үүссэн. Хүзүүний зүүн хажууд улаалт үүссэн. Боолтын улмаас үүсч болдог улаалт байж магадгүй. Гэмтлийн даралттай цус харвалт тархинд үүссэн гэсэн. Нас барахаасаа өмнө цус харваагүй, гэмтлийн улмаас цув харвасан. Мөн уг хэрэгт холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүнээс үнэн, худлыг шалгах тест авсан. Энэ дүгнэлтээс харвал тухай гишүүн нь асуусан асуултад хариулахдааа сэтгэл, санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр гэсэн хариу гарсан.
Хэргийн газар үзлэг хийх явцад талийгаачийн өөрийнх нь ашиглаж байсан гар утсыг хурааж авсан. Уг гар утсанд үзлэг шинжилгээ хийгээд хохирогчид хүлээлгэж өгсөн. Хохирогч гар утсыг аваад үзэхэд гар утсанд ямар нэгэн мэдээлэл байгаагүй. Үйлдвэрээс гарсан шинэ утас шиг байсан. Хэрэг гарсан процессыг харсан. 13 секундын бичлэг байгаа гэж нэг хүн хэлсэн. Тэр хүнээс цагдаагийн байгууллага мэдээлэл авахад мэдэхгүй, хараагүй гэж хэлсэн. Мөрдөн шалгах явцын үед шүүх шинжилгээтэй холбоотой олон асуудал байсан. Задлан шинжилгээнд оруулахаас өмнө MRI аппаратанд оруулъя гэж ар гэрийнхэн нь хэлсэн ч хүлээж аваагүй. Шинжилгээний явцад дутуу ажилласан нь тогтоогдсон. Гар утсан дээр шинжээч томилохдоо гар утсыг шинжилгээнд явуулж хурууны хээ байгаа эсэхийг шалгах ёстой байсан. Гэтэл шинжилгээнд явуулахаас өмнө доторхийг нь үзээд явчихсан. Иймэрхүү зөрчил, эргэлзээ бүхий байдлууд байна” гэлээ.
Харин хүү Б.Ганхөлөг “Найман сарын хугацаанд бид маш их тэвчээртэй ажиглаж суулаа. Бидний хувьд маш хүнд өдрүүд өнгөрлөө. Өвөө, эмээ, ээж маань хүнд үеийг туулж байна. Дөрвөн настай дүү минь бэтгэрээд хоол ундаа идэж уухгүй хүнд байна. Аав минь цоо эрүүл гэрээсээ гарсан. Гэтэл өдөр Төрийн тусгай хамгаалалттай байранд ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж яваад эргэж гарч ирээгүй. Бид гадны нөлөөтэй гэж үзэж байгаа. Өндрөөс унасан гэсэн. Зүүн талаараа унасан. Гэтэл баруун нүд нь хөхөрч хавдсан. Хүзүүн дээр гарсан улаалт ойлгомжтой. Заамдсан үед л гарч ирнэ. Бид ямар нийгэмд амьдраад байна вэ. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн хүн Төрийн ордондоо амь насаа алдаж байхад гудамжинд яваа бидэнд амьд явах баталгаа байна уу. Аавыгаа санаж байна. Найман сар хүлээлээ. Юу ч шийдэгдсэнгүй. Манай улс төртэй, хуулийн засаглалтай. Аавын минь хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэл алдраагүй хүлээж байна” гэлээ.
Б.Цэлмэг “Аавыгаа маш их санаж байна. Үгүйлж байна. Эмээ, өвөө маань аавын минь зурагны өдөр бүр удаан суудаг. Ээж минь насаараа ханилсан ханиа алдсан. Дөрвөн настай дүү минь аавыгаа нэхээд хоолоо ч идэхгүй байгаа. Бид аавынхаа амийг нэхэх болно. Шударга ёсны төлөө тэмцэх болно” гэсэн юм.
Б.Ганхөлөг мэдээллийн төгсгөлд хамгийн сүүлийн удаа дарсан аавынхаа зургийг харуулсан юм. Уг зургийг харахад талийгаачийн баруун нүд хөхөрсөн байв.