УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг эргүүлэн татах саналыг Улсын ерөнхий прокуророос өнгөрсөн пүрэв гаригт /2020.01.16/ УИХ-д хүргүүлсэн.
Энэ дагуу Халдашгүй байдлын дэд хороо өнгөрсөн баасан гаригт /2020.01.17/хуралдсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хойшилсон юм. Тодруулбал, тус хорооны таван гишүүнээс хоёр нь гадаадад томилолттой яваа учир хуралдаааныг хойшлуулсан.
Тус хороонд Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ч.Улаан нарын таван гишүүн харъяалагддаг.
Халдашгүй байдлын дэд хороо хэзээ хуралдах талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа.
-Н.Номтойбаяр гишүүний хүсэлтийн дагуу дэд хорооны хуралдааныг хойшлуулах боломж байгаа юу?
-Үүнийг Н.Номтойбаяр мэддэггүй юм. Хүсэлт ирүүлж болно. Хүсэлтийг дэд хороонд танилцуулна. Н.Номтойбаярын саналыг уншина. Энэ долоо хоногт энэ асуудлыг шийднэ.
-Ч.Улаан сайд хэзээ ирэх вэ. Дөрвөн гишүүний ирцтэй хуралдаж болдоггүй юм уу?
-Ч.Улаан сайдын талаар мэдээлэл алга. Дөрвөн гишүүний ирцтэй хуралдаад хоёр, хоёроор санал тэнцвэл шийдвэр гардаггүй.
-Н.Номтойбаяр гишүүн хурлыг нээлттэй хийх санал гаргасан байна. Ийм боломж байгаа юу?
-Нээлттэй явуулах боломж байхгүй. Прокурор нь нууц гэсэн бичиг ирүүлчихсэн. Ийм асуудлыг дандаа нууцаар хэлэлцдэг. Цаана нь мөрдөн байцаалтын нууц гэж бий. Н.Номтойбаярын саналыг гишүүдэд танилцуулна. Дэд хороо, Их хурал, хуулийн байгууллага ч тэр бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийднэ.
-Сангийн сайд, Нийгмийн хамгааллын сайд нарыг хуралд оролцуулах хүсэлт тавьсан байсан. Тэднийг дэд хорооны хуралд оролцуулах уу?
-Юу гэж тэд нарыг оролцуулж байдаг юм.
-Н.Номтойбаяр гишүүнийг хэдэн хэрэгт холбогдуулж байгаа юм бол?
-Түүнийг прокурор нь ярих юм байлгүй дээ. Сайд байхдаа хийж байсан ажлынх нь тухай нэг асуудал, ордон дотор болсон асуудалтай холбоотой худал мэдүүлэг өгсөн, мөн хэвлэлээр баахан юм ярьсан гэсэн л юмнууд байсан. Гурван асуудал л байналээ.
-Прокурорын саналыг 48 цагийн дотор хэлэлцэх ёстой хуулийн хугацаа дуусчихаж байгаа юм биш үү?
-Халдашгүй байдлын дэд хороо биш Их хурал 48 цагийн дотор хэлэлцэх ёстой. Прокурор Их хурлын бүрэлдэхүүн байна уу, үгүй юү гэдгийг анзаарч байж асуудлаа ярих ёстой. Прокурорын байгууллага Их хуралтай асуудлыг ярьж халдашгүй байдлын дэд хорооны гишүүд нь байна уу, үгүй юү гэдгээ судалж байж асуудлаа оруулж ирэх ёстой байсан гэж бодож байна. Д.Лүндээжанцан байхгүй байхад асуудлаа оруулж ирсэн. Тав дахь өдөр ажил дууссан. Нэгдэх өдөр асуудал оруулж ирсэн. Адгасан юм прокурорын талаас гарсан. Үүнээс болж 48 цаг гэдэг дээр асуудал үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Их хурлын удирдлага прокурорын байгууллага хоёр 48 цагийн дотор шийдвэрлэх асуудлыг гарцаа харж оруулж ирэх ёстой байсан. Тэртээ тэргүй намаржингаа яригдсан асуудал. Тэр тооцоогоо хийх хэрэгтэй байдаг.
-УИХ-ын гишүүд казинод орсон асуудлаар ёс зүйн хариуцлага хүлээлгэх үү?
-Юу яриад байгаа юм. Ороод гардаг л газар шүү дээ.