СУРВАЛЖИЛГА: “Авто спа” зэрэг зарим авто угаалгын газрууд "саарал ус" ашиглаж эхэлсэн бол дийлэнх нь ундны цэвэр усаар автомашин угаасаар байна /ВИДЕО/

СУРВАЛЖИЛГА: “Авто спа” зэрэг зарим авто угаалгын газрууд "саарал ус" ашиглаж эхэлсэн бол дийлэнх нь ундны цэвэр усаар автомашин угаасаар байна /ВИДЕО/

Улаанбаатар хотын цэвэр усны нөөц 2030 он гэхэд дуусах талаар мэргэжилтнүүд хэлж, олон арга хэмжээ авсан ч үр дүнд хүрсэн нь тун ховор. Хамгийн их ус ашигладаг газруудын нэг бол мэдээж авто угаалга. Эдгээр газрууд улсын хэмжээнд жилд дунджаар 125 мянган шоо метр  цэвэр ус ашигладаг гэсэн тоо баримт бий. Тэгвэл авто угаалгад цэвэр ус ашиглахыг хориглосон Засгийн газрын 73 дугаар тогтоол 2018 онд батлагдсан ч өнгөрсөн таван жилийн хугацаанд хэрэгжсэн нь үгүй.

Улмаар өнгөрсөн оны тавдугаар сард БОАЖ-ын яамнаас “Автомашин угаалгын газруудыг цэвэр ус ашиглахыг хориглож, ашигласан тохиолдол арга хэмжээ авах” талаар мэдэгдсэн. Гэтэл саарал ус ашиглах техник технологи манай улсад бүрэн нэвтрээгүйн улмаас авто угаалгын газрууд өнөөдрийг хүртэл хүүхэд багачуудынхаа ирээдүйд уух цэвэр усыг ашигласаар байгаа юм. Тэгвэл бид бохир усыг цэвэршүүлж, саарал ус болгон авто угаалгадаа ашиглаж буй жишиг газар болох “Авто спа” угаалгын газар болон цэвэр ус ашигладаг авто угаалгын газраас энэ удаагийнхаа сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.

ВИДЕО:

-СААРАЛ УСААР АВТОМАШИН УГААДАГ ГАЗРУУДЫГ ТОМООХОН КОМПАНИ, ИРГЭД ДЭМЖИХ БОЛЖЭЭ-

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Авто спа” угаалгын газар нь машин угаалгадаа саарал ус ашиглаад таван жилийн нүүрийг үзжээ. Тухайн авто угаалгын газар нь “Соёл Велнесс” төвийг түшиглэн байгуулагдсан бөгөөд тэд тус газраас гарч буй бохир усыг тусгай технологи ашиглан цэвэршүүлж, саарал ус болгон авто угаалгынхаа үйлчилгээнд ашигладаг байна. Тодруулбал, “Авто спа” угаалгын газар нь “Соёл велнесс” төвийн зургаан пүүл бассейнаас гарч буй хаялганы усыг 24 тонны саванд нөөцөлж аваад, тусгай тоног төхөөрөмж ашиглан цэвэршүүлж, саарал ус болгон, авто угаалгадаа ашигладаг байна. 

Авто угаалгын газартаа саарал ус ашигладаг “Авто спа” угаалгын газрын захирал .... "Цэвэр усны нөөц хомсдож байгаа энэ үед авто угаалгын газартаа саарал ус ашиглаж байгаагаараа бахархдаг. Манайхыг саарал ус ашигладаг гэдгээр нь томоохон компани, иргэд бидний үйл ажиллагааг дэмжиж үйлчлүүлэх явдал их байдаг" гэдгийг онцолж байлаа. Ирээдүйд хүүхдүүдийнхээ уух цэвэр усаар бус саарал усаар автомашин угааж, байгаль дэлхийгээ хайрлаж байгаа тэднийг хараад бахархах, бардамнах сэтгэл төрж байсныг энд нуух юун. 

-СААРАЛ УСЫГ ТЭЭВЭРЛЭЖ, АВТО МАШИН УГААХ НЬ ӨРТӨГ ӨНДӨР УЧИР ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ БАЙНА-

Үүний дараа бид төвийн цэвэр усны шугмаас усаа авч, авто машин угаадаг угаалгын газрыг зорилоо. Баянбүрдийн тойргийн ойролцоо байрлах тухайн угаалгын газар нь саарал усыг хэрэглээнд нэвтрүүлэх хүсэл зорилготой боловч одоогоор санхүүгийн боломжгүйн улмаас үйлчилгээндээ нэвтрүүлж чадахгүй байгаа гэдгээ учирлаж байлаа. Тухайн угаалгын газрын менежер Б.Хишигбаяр нь "Манай угаалгын газар нь төвийн цэвэр усаар автомашинуудаа угаадаг. Бид саарал ус ашиглахыг хүсдэг боловч манай байгууллагын ойр орчимд томоохон барилга, байгууламж байхгүй. Саарал ус тээвэрлээд үйлчилгээндээ ашиглахаар өртөг өндөр байдаг тул авч ашиглаж чадахгүй л байна. Гэхдээ автомашин угаалгын газарт саарал ус ашиглах ёстой гэдэгтэй санал нэг байдаг. Энэ асуудлыг төр засгийн зүгээс шийдвэрлэж, нэгдсэн байдлаар саарал ус ашиглах боломжоор хангаж өгөх зэрэг ажлыг хийгээсэй гэж хүсдэг" гэсэн юм. 

Ямартай ч Улаанбаатар хот цэвэр усны хомдолд орж болзошгүй байгаа энэ үед авто угаалгын газруудаас эхлээд саарал ус ашиглах боломжтой бүхий л газрууд энэ төрлийн усыг ашиглаж, ирээдүйд хүүхэд багачуудынхаа уух цэвэр усаар, автомашинаа, арьс ширээ угаадаггүй болох зайлшгүй шаардлагатай байна.