Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллаж, төсөл арга хэмжээний хэрэгжилт, үр дүнтэй танилцах, анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчидтай уулзаж санал хүсэлтийг нь сонсож байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд тус дүүргийн Дарь-Эх нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус эмнэлгийг 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, 2021 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан, Баянзүрх дүүргийн зургаан хорооны 48,873 хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж. Тус эмнэлэг нь төвийн шугамд холбогдоогүй учраас урсгал зардалд хамгийн их төсөв зарцуулдаг байна. Дарь-Эх нэгдсэн эмнэлгийн 2023 оны долдугаар сард магадлан итгэмжлэгдсэн, ЭМДЕГ-тай гэрээгүй зэрэг нь бүрэн хүчин чадлаараа ажиллахад хүндрэлтэй байдаг. Даатгалаас санхүүжвэл хэвтүүлэн эмчлүүлэх тасгаа ажиллуулж, санхүүжилтээ шийдэх боломжтойг тус эмнэлгийн дарга И.Батзаяа Ерөнхий сайдад хэлж байлаа.