Японы мэргэжлийн сумод үлэмж биеэрээ танил болсон сэкивакэ асан Ичиножёо А.Ичинноровын зодог тайлах ёслол өнөөдөр /2024.02.11/ боллоо. Тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сард зодог тайлахаа зарласан билээ. Нурууны архаг гэмтлийн улмаас 30 насандаа сумог орхисон тэрбээр 2014 онд карьераа эхлүүлж тухайн жилийнхээ 11- дүгээр сард сэкивакэ цолд хүрч байлаа. Нийт 55 башёд барилдахдаа 408 давж, 328 унасан юм. А.Ичинноров дээд зиндаанд нэг, жюүрёод хоёр удаа түрүүлж, зургаан тусгай шагнал хүртсэнээс гадна өдгөө барилдаж буй сумочдоос хамгийн их буюу есөн кинбоши шагнал гардсан байдаг.