2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий болон бусад албан байгууллагын төлөөлөл мэдээлэл хийлээ. СЕХ-ноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн хугацааг товлох, санал авах өдрийн тогтоох саналаа УИХ-д хүргүүлжээ. Мөн 1992-2016 он хүртэлх УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарийн судалгааг хавсаргасан тухай СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэлдээ дурдсан.
Тэрбээр үргэлжлүүлэн“ Нийт саналын 50 хүртэлх хувийг нь хянан тоолох зохицуулалтыг хуульд тусгасан. Хуулиараа, СЕХ нь тойрог, мандатыг хуваарилах боломжгүй. УИХ-ын бүрэн эрхийн асуудал учраас хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо санал, дүгнэлтээ гаргаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийднэ” хэмээв.
Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуусах хүртэл сонгогчдыг өөртөө урвуулах зорилгоор олон нийтийн ажил зохион байгуулах, мөнгө, эд зүйл тараахыг хуулиар хориглосныг ЦЕГ-ын Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Чинбат тэмдэглэлээ. Гэхдээ, одоо бүрэн эрх нь хэрэгжиж байгаа УИХ-ын гишүүд хэвлэмэл хэлбэрээр эсхүл биечлэн иргэдтэй уулзаж ажлынхаа тайланг танилцуулж болохоор зохицуулсныг мөн онцлов.
Тэрбээр, “Сонгуулийн жил эхэлснээс хойш сурталчилгаа явуулсан иргэнийг 20 мянган нэгж, хуулийн этгээдийг 200 мянган нэгжээр торгохоор хуульчилсан” гэлээ.
УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуульд тухайн нэр дэвшигчийг СЕХ-нд бүртгэхээс татгалзах үндэслэл болон цахим орчинтой холбоотой зохицуулалтыг тусгасныг СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн танилцууллаа.
Тодруулбал, сонгуулийн жил эхэлснээс хойш хууль тогтоомж зөрчсөн нь хуулийн байгууллагаар тогтоогдвол тухайн нэр дэвшигчийг СЕХ бүртгэхээс татгалзах юм. Мөн сонгуулийн сурталчилгаа хийхдээ, нам болон нэр дэвшигчийн цахим хуудас, олон нийтийн цахим сүлжээн дэх хуудас, мэдээллийн сайтаар дамжуулах талаар зохицуулжээ. Ингэхдээ, нэр дэвшигч нам болон өөрийн албан ёсны цахим хуудас, олон нийтийн сүлжээн дэх хуудсаа аймаг, нийслэлийнхээ Сонгуулийн хороонд бүртгүүлэх аж. “Хэрвээ цахим хуудсаа Сонгуулийн хороонд бүртгүүлээгүй бол Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно” хэмээн СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн анхаарууллаа. Түүнчлэн цахим мэдээллийн сайтаар сурталчилгаа явуулах бол мэдээний доод хэсгийн “сэтгэгдэл” хэсгийг байхгүй болгох шаардлагыг хуульд нэмсэн байна.
Үүнээс гадна олон нийтийн цахим сүлжээнд хуурамч хаягаар, ташаа мэдээлэл тараахтай холбоотой асуудлыг ЦЕГ, СЕХ, ХХЗХ-ны хамтарсан ажлын баг цэгцэлж ажиллахаар нарийвчилсан журам гаргажээ. Тухайлбал, цахим орчинд хуурамч мэдээ тарсныг мэдээлсэн тухайн нэр дэвшигчийн гомдлыг цагдаагийн байгууллага үндэслэлтэй гэж тогтоовол ХХЗХ-ноос тухайн хуурамч хаягийг хаана. Ингэхдээ Фэйсбүүк компанийн төлөөлөлтэй хамтран ажиллах бөгөөд тус компани сонгуулийн сурталчилгааны хугацаанд Монгол Улсад оффис ажиллуулна хэмээн СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн тэмдэглэлээ.
Ийнхүү холбогдох албан тушаалтнууд УИХ-ын сонгуулийн хуультай холбоотой сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Энэ удаагийн сонгуульд яагаад гадаадад байгаа иргэдийн саналыг авахгүй байхаар хуульчилсан юм бэ?
СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн: -Энэ удаагийн сонгуульд гадаадад байгаа иргэдийн саналыг авахгүй. Өмнө нь ганцхан удаа буюу 2012 оны УИХ-ын сонгуульд гадаадад байгаа иргэдийн саналыг авч байсан. Тухайн үеийн сонгууль холимог системээр явагдаж, сонгогчид намуудын төлөө саналаа өгсөн. Харин 2013 оноос хойш Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа иргэдийн саналыг авч байгаа. Мажоритар системээр сонгууль явуулж байгаа үед гадаадад байгаа иргэдийн саналыг авах хүүндрэлтэй байдаг.
-УИХ-ын гишүүд, нэр дэвшигчид сар шинийн баяраар сонгогчдод гарын бэлэг тараадаг асуудлыг яах вэ. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү?
ЦЕГ-ын Зөрчил шалгах, мэргэжил, арга зүйн төвийн дарга, цагдаагийн хурандаа н.Чинбат: -Хариуцлагын асуудлын тухайд Зөрчлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар сонгууль товлон зарсласнаас хойш мөнгө, эд зүйл тараахыг хориглосон. Энэ нь бүх этгээдэд хамаатай. Гэхдээ бүрэн эрх нь хэвээр мөрдөгдөж байгаа УИХ-ын гишүүд ажлын тайлангаа тавих эрх нь нээлттэй.
Нэр дэвшигч хуульд заасан зөрчил үйлдсэн бол иргэнийг хоёр мянган нэгж, хуулийн этгээдийг 200 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно.
СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн: УИХ-ын гишүүн бэлэг тарааж болохгүй. Зөвхөн ажлын тайлангаа тойргийн сонгогчдодоо тавьж болно.
Нэр дэвшигчийн бүртгэхээс татгалзах хоёр үндэслэлийг сонгуулийн хуульд оруулсан нь шинэлэг заалт болсон. Тодруулбал, хориглосон зүйлийг зөрчсөн нь хуулийн байгууллагаар тогтоогдсон бол СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана. Хоёрдугаарт, сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх зэргээр хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болох юм.
Харилцаа холбооны зохицуулах хороо н.Лувсар-Очир: Сонгуулийн сурталчилгааг цахим орчин гурван хэлбэлээр явуулж болно гэж хуульд заасан. Нэгдүгээрт, нэр дэвшигч, нам, эвсэл өөрийн вэб хуудсаар, хоёрдугаарт, олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсаар, гуравдугаарт бусад цахим хэрэгслээр. Өөрийн вэб хуудас болон олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсыг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд заавал бүртгүүлнэ.
Хуурамч хаягнаас хуурамч мэдээлэл тараах асуудал дээр ХХЗХ-ноос тухайн хаягыг хаах, хуурамч мэдээллийг устгах, түр хугацаагаар хязгаарлах зэрэг арга хэмжээ авч ажиллана. Энэ хүрээнд Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байгаа. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд Фэйсбүүк компаниас Монголд түр хугацаагаар нэгж нээж, төлөөллөө ажиллуулахаар бэлтгэж байгаа. Бид энэ талаар тус компанитай биечлэн болон цахимаар хэлэлцэж байгаа.
Сонгуулийн хуульд цахим орчны зохицуулалттай холбоотой хэд хэдэн заалт орсон. Тухайлбал, санал авах өдрөөс 24 цагийн өмнө сонгуулийн суртчилгаа зогссон байх ёстой. Хэрэв зогсоогоогүй бол ХХЗХ-ноос технологийн чиглэлээр арга хэмжээ авна.