Н.Энхбаяр УИХ-ын сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуулийн Цэцэд өгчээ

Н.Энхбаяр УИХ-ын сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуулийн Цэцэд өгчээ

Иргэн А.Кадырбек УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 30.8 дахь заалт буюу “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэн Цэцэд хандсан тухай өмнө нь мэдээлсэн. Түүнээс гадна Н.Энхбаяр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэн өчигдөр Цэцэд ханджээ.

Тэрээр Цэц илгээсэн мэдээлэлдээ "Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчилсэн найруулгаар хуулийг батлахдаа Үндсэн хуулийг зөрчсөн ноцтой заалтуудыг оруулсныг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар энэхүү өргөдлийг гаргаж байна.

Үнд­сэн хуулийн 3-р зүйлийн 3.1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Мон­голын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд орол­цож, мөн сонгож бай­гуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн  байгууллагаараа уламжлан энэ­хүү эрхээ эдэлнэ”, Үнд­сэн хуулийн 16-рт зүй­лийн 16.9-д “шууд болон тө­лөө­лөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ” гэсэн заалтууд нь Монгол Улсын иргэн бүрийн хүний эрх, эрх чөлөөгөө эдлэх ардчилсан зарчим, салшгүй эрхийг тунхаглан зарлажээ. Гэтэл  УИХ-аас Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулахдаа, Монгол Улсаас гадаадад ажил хөдөлмөр эрхлэн амьдран сууж байгаа, мөн сурч боловсрон байгаа иргэдийнхээ сонгуульд санал өгөх эрхийг хан­гаж зохицуулаагүй орхиг­дуулсан нь Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн байна.

СЕХ-ны дарга Ч.Содном­цэрэн “Гадаад улс оронд байгаа сонгогчдын саналыг энэ удаад авахгүй. Холимог тогтолцоогоор явуулсан бол боломжтой байсан” гэж тайлбарлаж байгааг хүлээж авах ямар ч боломжгүй. Гадаад улс оронд байгаа сонгогчдын саналыг авах эсэх нь хууль тогтоогчийн болон төрийн аль нэг байгууллагын дурын асуудал биш, харин санал өгөх боломжийг хангах хууль эрх зүйн зохи­цуу­лалтыг заавал шийд­вэр­лэх үүрэгтэй. Тэгээд ч иргэдийнхээ Үнд­сэн хуулийн эрхийг хүндэт­гэж дээдэлсэн бол тэдний санал өгөх боломжтой тог­тол­цоогоор сонгуулийг явуу­лах хэрэгтэй байсан. Ер нь одоогийн Сонгуулийн хуулиар ч гадаадад байгаа иргэд санал өгөх боломжтой байгаа юм. Монгол Улсын за­рим иргэд гадаадад ажил­лаж, сурч, амьдарч байгаа нь тэдний буруу биш.

Монголын төр иргэн бүрийнхээ төлөө, тэдний  ажиллах, амьдрах боломжийг тэгш хангасан бол иргэд маань гадаад руу яваад байхгүй нь ойлгомжтой. Монгол Улсад ажил хөдөлмөр эрх­лэх боломжгүй, амьдралд нь хүрэлцэхүйц орлого олдохгүй, амар тайван амьдрах нөхцөл хангагдахгүй байгаа зэрэг бодит шалтгааны улмаас гадаадад байгаад нь тэдний эдлэх улс төрийн эрхийг нь хасч болохгүй билээ. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа бүх иргэд Мон­гол Улсын иргэд бөгөөд тэдний иргэний эрхийг хасаагүй. Тэд Мон­гол Улсдаа байгаа бүх иргэдийн адил Үндсэн хуулиар тогтоосон эрх, эрх чөлөөгөө эдлэх ёстой. Тэр тусмаа Үндсэн хуулиар тогтоосон сон­гох, сонгогдох эрхээ хэ­нээр ч заалгахгүй эдлэх ёстой билээ. Гадаадад байгаа иргэдийн сон­гуульд оролцох эрхийг хассанаараа УИХ нь Монгол Улсын иргэдийнхээ халдашгүй эрхэд халдсан, нөгөө талаар Үндсэн хуу­лийг ноцтой зөрчиж байна. Үүнийг засч залруулах, Үндсэн хуулиа хамгаалах, түүнийг зөрчсөн зөрчлийг арилгах үүрэг Цэцэд ногдож байна.

УИХ сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 29-р зүйлийн  29.8-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлд­сэн нь шүүхээр тог­тоогд­сон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалт оруулсан нь мөн Үндсэн хуулийн сонгох, сон­гог­дох эрхийг зөрчөөд зогсохгүй, Цэцийн 2008 оны тавдугаар сарын 14-ний 06-р дүгнэлтэд “Хууль тогтоогч УИХ-ын сонгуулийн тухай хуулинд нэр дэвшигчид тавих шаардлагад ялгүй байх гэсэн заалтыг оруулс­наараа ялгүйд тооцох гэсэн ойлголтоос агуулгын хувьд өөрчлөгдөж Эрүү­гийн хуулийн тусгай ан­гид заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн улс төрийн эрх буюу УИХ-ын гишүү­нээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуу­лийн зөрчлийн шинжийг  агуулсан байна.”, “УИХ-ын сон­гуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Нэрт дэвшигч нь … да­раахь шаардлагыг хангасан байна” гээд 27.4.3-т ялгүй байх гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийн “ …төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, Хорин нэгдүгээр зүйлийн 3-т “УИХ-ын гишүүнээр Монгол Улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэснийг УИХ Цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээн авч, Сонгуулийн хуулинд зааж тогтоосон хүний сонгогдох эрхийг зөрчсөн заалтыг хүчингүй болгосон, мөн Үндсэн хуулийн Цэцийн энэ дүгнэлт одоог хүртэл хүчин төгөлдөр байтал үл хайхарч, Үндсэн хууль зөрчсөн заалтыг илтэд санаатайгаар дахин оруулж ирж байгаа нь Үндсэн хуульд халдсан бусармаг явдал, төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай үйлдэл гэж үзэхээс аргагүй байна. Тиймээс Монгол Улсын гадаа­дад байгаа иргэдийнхээ Үндсэн хуулиар тогтоосон, эдлэх ёстой сонгох, сон­гогдох эрхийг Сонгуу­лийн хуульд хуульчлан тогтоогоогүй нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тухай, Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8-р заалтыг хүчингүй болгох өргөдлийг тус тус гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэнэ үү" гэжээ.