ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах тухай хуулийн төсөл боловсруулж УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан хэмээн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр мэдэгдэв.
Сайд Ч.Улааныг огцруулах гурван үндэслэлийг хуулийн төсөлд тусгасныг тэрээр мэдээллийн эхэнд онцлов.
Тэрбээр, “Малын махны үнэ унаж, малчдын орлого багассан, махны үйлдвэрүүд доголдсон, Хятад үйлдвэрийг дэмжсэн нь түүнийг огцруулах үндэслэл болсон” гэлээ.
Ноднин есдүгээр сараас өнөөдөр гэхэд бог мал 20-30 мянган төгрөг, бод мал 200 мянган төгрөгөөр үнэ нь багасажээ. Үүний үндсэн шалтгаан нь БНХАУ-руу малын мах экспортод гаргах үйлдвэрийн квоттой холбооотой гэдгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэлдээ дурдав. Учир нь Монгол Улсад 130 гаруй махны үйлдвэр байдаг ч зөвхөн 12 үйлдвэрт мах экспортлох зөвшөөрөл олгодог байна. Ингэснээр, махны үйлдвэрүүд авлига өгч энэхүү квотыг авах ба дийлэнх нь Хятад үйлдвэр байгаа аж. Тэрбээр, “Махны үйлдвэрүүд зөвшөөрөлтэй 12 үйлдвэрийн квотыг ашиглан махаа экспортлох хүсэлт гаргадаг. Тэдгээр үйлдвэр нь авлигал өгч квот авсан тул нэг кг мах тутамд 12 юаний төлбөр нэмж авдаг. Тухайлбал, Адууны мах нэг кг 5000 төгрөг байх ч 4800 төгрөгийн төлбөр нэмдэг. Иймээс махны үйлдвэрүүдийн ашиг багасаж байгаа тул малчдын махны үнийг унагаах замаар энэ мөнгийг төлж байна” хэмээлээ.